http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сая сая доллараар үнэлэгдэх дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зургууд

Гэрэл зураг гэдэг зөвхөн агшныг буулгасан дүрс биш, заримдаа урлагийн хосгүй бүтээл, түүхийн үнэт өв болдог. Гэвч зарим зургийг яагаад ийм өндөр үнээр үнэлдэг нь энгийн хүмүүст ойлгомжгүй санагдах нь бий. Сонирхолтой нь, эдгээр бүтээлийн зарим нь энгийн мэт харагдах байгалийн зураг, зарим нь бүр “Photoshop” ашиглан засварласан дүрслэл байдаг. Ингээд дуудлага худалдаагаар хэдэн сая доллараар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зурагтай танилцацгаая.

1. "Рейн II" (Rhein II, 1999)

"Рейн II" (Rhein II, 1999)Зурагчин: Андреас Гурски (Andreas Gursky)
Үнэ: 4,338,500 ам.доллар
Германы алдарт гэрэл зурагчин Андреас Гурски 1999 онд Рейн голын эрэг орчмын байгалийн дүр зургийг буулгажээ. Зурагт гол, хоёр далан болон бүрхэг тэнгэр харагдана. Хамгийн сонирхолтой нь уг бүтээлийг Photoshop ашиглан нэлээд засварласан байдаг. Анхны зурагт байсан цахилгаан станц, боомтын байгууламж болон нохой салхилуулж яваа хүнийг арилгаж, зөвхөн гол, далан, тэнгэрийг үлдээжээ. Гурски зургаа 185.4 × 363.5 см хэмжээтэй хэвлүүлсэн бөгөөд 2011 онд Нью-Йоркийн “Christie's” дуудлага худалдаагаар 4.3 сая гаруй ам.доллароор зарагдсан байна.

2. "Гарчиггүй №96" (Untitled #96, 1981)

"Гарчиггүй №96" (Untitled #96, 1981)Зурагчин: Синди Шерман (Cindy Sherman)
Үнэ: 3,890,500 ам.доллар
Америкийн уран бүтээлч Синди Шерман дүр бүтээж, зохиомжлон авсан гэрэл зургуудаараа алдартай. Тэрээр өөрийгөө гэрэл зурагчин гэхээс илүүтэй перформанс урлагийн төлөөлөгч гэж үздэг. 1981 онд бүтээсэн энэхүү зурагт улбар шар өнгийн хувцастай, улаан үстэй залуу эмэгтэй газар хэвтэн алсыг ширтэж буйгаар дүрслэгджээ. Түүний гарт танилцах зар бүхий сонины тасархай байгаа нь залуу нас, хайр дурлал, өөрийгөө эрж хайх сэдвийг илэрхийлдэг. Уг бүтээл 2011 онд “Christie's” дуудлага худалдаагаар 3.89 сая ам.доллароор зарагджээ.

3. "Эрхэм дээдсэд зориулсан бүтээл" (For Her Majesty, 1973)

"Эрхэм дээдсэд зориулсан бүтээл" (For Her Majesty, 1973)Зурагчид: Гилберт Прош, Жорж Пассмор (Gilbert & George)
Үнэ: 3,765,276 ам.доллар
Британийн уран бүтээлчид болох Гилберт, Жорж нар перформанс болон гэрэл зургийн урлагийг хослуулсан бүтээлүүдээрээ алдартай. Тэдний 1973 онд бүтээсэн энэхүү хар цагаан фото коллажид тансаг хувцасласан эрчүүд болон интерьерийн эд зүйлсийг өвөрмөц байдлаар хослуулан дүрсэлжээ. Уг бүтээл 2008 онд дуудлага худалдаагаар 3.76 сая гаруй ам.доллароор зарагдсан бөгөөд худалдан авагчийн нэр тодорхойгүй үлджээ.

4. "Үхсэн дайчид ярьж байна" (Dead Troops Talk, 1992)

"Үхсэн дайчид ярьж байна" (Dead Troops Talk, 1992)Зурагчин: Жефф Уолл (Jeff Wall)
Үнэ: 3,666,500 ам.доллар
Канадын гэрэл зурагчин Жефф Уолл том хэмжээтэй, киноны кадр мэт зохиомжтой бүтээлүүдээрээ алдартай. Энэхүү бүтээл нь Афганистаны дайнаас сэдэвлэсэн боловч бодит дайны үеэр авсан гэрэл зураг биш юм. Зураг дээрх хүмүүс бүгд жүжигчид бөгөөд тусгай нүүр будалт, хувцас хэрэглэл ашиглан дайны дараах аймшигт дүр зургийг бүтээжээ. 229 × 417 см хэмжээтэй уг бүтээлийг тусгай гэрэлтүүлэгтэй хайрцагт байрлуулсан нь үзэгчдэд кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

5. "Ковбой" (Untitled (Cowboy), 2001–2002)

"Ковбой" (Untitled (Cowboy), 2001–2002)Зурагчин: Ричард Принс (Richard Prince)
Үнэ: 3,401,000 ам.доллар
Америкийн уран бүтээлч Ричард Принс хэрэглээний нийгэм, сурталчилгааны соёлыг шүүмжилсэн бүтээлүүдээрээ алдартай. «Ковбой» хэмээх энэхүү зураг нь Marlboro тамхины сурталчилгааны ковбой дүрээс сэдэвлэсэн бүтээл юм. Гэхдээ зураач ковбойг Америкийн эр зоригийн бэлгэ тэмдэг гэхээс илүүтэй төгс эр хүний хийсвэр дүр төрх, сурталчилгааны зохиомол баатар болгон харуулжээ. Уг бүтээл 2007 онд “Christie's” дуудлага худалдаагаар 3.4 сая ам.доллароор зарагдсан байна.

6. "99 цент II" (99 Cent II Diptychon, 2001)

"99 цент II" (99 Cent II Diptychon, 2001)Зурагчин: Андреас Гурски (Andreas Gursky)
Үнэ: 3,346,456 ам.доллар
Гурскийн бас нэгэн алдарт бүтээл болох энэхүү хоёр хэсэгтэй гэрэл зурагт өргөн хэрэглээний бараагаар дүүрсэн супермаркетыг дүрсэлжээ. Өнгө өнгийн бүтээгдэхүүнүүд урт тавиуруудаар эгнэн байрласан нь бараг хийсвэр зураг мэт харагдана. Зураач компьютерийн тусламжтайгаар худалдан авагчид, гэрэлтүүлэг болон бусад илүүц зүйлсийг арилгаж, орон зайг илүү эмх цэгцтэй болгосон байна. 2007 онд Украины бизнесмен Виктор Пинчук уг бүтээлийг 3.3 сая гаруй ам.доллароор худалдан авчээ.

7. "Лос-Анжелес" (Los Angeles, 1998)

"Лос-Анжелес" (Los Angeles, 1998)Зурагчин: Андреас Гурски (Andreas Gursky)
Үнэ: 2,941,755 ам.доллар
Энэхүү гэрэл зурагт Лос-Анжелес хотыг шөнийн цагаар өндөр дээрээс харсан дүрслэл буужээ. Хотын гудамж, барилга байгууламжийн гэрэл алсаас харахад одод шиг гялалзах бөгөөд асар том гэрэлт талбайг санагдуулна. Зураач уг бүтээлээрээ орчин үеийн хотжилт, даяаршил болон асар том нийгмийн дунд эзлэх хүний байр суурийг илэрхийлэхийг зорьжээ. Гурскийн бүтээл 2008 онд 2.94 сая ам.долларын үнэд хүрсэн байна.

8. "Сарны гэрэлд нуур" (The Pond—Moonlight, 1904)

"Сарны гэрэлд нуур" (The Pond—Moonlight, 1904)Зурагчин: Эдвард Стайхен (Edward Steichen)
Үнэ: 2,928,000 ам.доллар
Энэ бол дэлхийн гэрэл зургийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бүтээлүүдийн нэг юм. 1904 онд бүтээгдсэн уг зурагт моддын дундах нуур сарны гэрэлд туяаран харагдана. Хамгийн гайхалтай нь тухайн үед өнгөт гэрэл зураг өргөн дэлгэрээгүй байсан ч Стайхен гэрэл мэдрэмтгий бодис ашиглан зурагтаа өнгө оруулжээ. Ингэснээр цэнхэр, ногоон, шаргал өнгө хосолсон өвөрмөц дүрслэл бий болсон байна. 2006 онд “Sotheby's” дуудлага худалдаагаар уг бүтээл 2.9 сая гаруй ам.доллароор зарагджээ.

9. "Гарчиггүй №153" (Untitled #153, 1985)

"Гарчиггүй №153" (Untitled #153, 1985)Зурагчин: Синди Шерман (Cindy Sherman)
Үнэ: 2,770,500 ам.доллар
Синди Шерманы энэхүү бүтээл бусад зургуудаас эрс ялгаатай, сэтгэл түгшээсэн дүрслэлтэй. Зурагт шавар шороонд будагдсан, хөдөлгөөнгүй хэвтэх эмэгтэйг дүрсэлжээ. Цонхийсон үс, хагас ангайсан ам, үл мэдэг хөхөрсөн хацар нь үзэгчдэд аймшигтай мэдрэмж төрүүлнэ. Шерман уг бүтээлээрээ хүний бие махбод, гоо сайхны тухай ойлголт болон айдас, эмзэг байдлыг хөндсөн байдаг. Энэхүү гэрэл зураг дуудлага худалдаагаар 2.77 сая ам.доллароор зарагджээ.

10. "Билли Кид" (Billy the Kid, 1879–1880)

"Билли Кид" (Billy the Kid, 1879–1880)Зурагчин: Тодорхойгүй
Үнэ: 2,300,000 ам.доллар
Билли Кид бол Америкийн зэрлэг өрнөдийн үеийн хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг юм. Түүнийг 21 хүний амь хөнөөсөн хэмээн буруутгаж байсан бөгөөд 1881 онд шериф Пэт Гаррет түүнийг буудан хөнөөжээ. Энэхүү гэрэл зураг нь Билли Кидийн өнөөг хүртэл олдсон цорын ганц баталгаатай дүрслэл гэдгээрээ онцгой үнэ цэнтэй. Зургийг XIX зуунд металл хавтан ашиглан амбротипийн аргаар бүтээсэн бөгөөд дүрс нь толинд туссан мэт урвуу байрлалтай байдаг. 2011 онд Денвер хотод болсон дуудлага худалдаагаар цуглуулагч Уильям Кох уг зургийг 2.3 сая ам.доллароор худалдан авчээ. Анх зохион байгуулагчид 400 мянган ам.доллар орчимд хүрнэ гэж таамаглаж байсан ч үнэ нь хүлээлтээс хэд дахин давсан байна.

https://www.caak.mn/post/view/45446
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ