http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад С.Сайнбилэгтэй ярилцлаа.

-Нийгэмд үе тэнгийн дээрэлхэлт гэх ойлголт дэлгэрч байна. хэдээс хэдэн насны хүүхдүүд өртөж байгаа вэ?
-Монгол Улсад 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуулиар, үе тэнгийн дээрэлхэлт гэсэн асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн учраас оруулж ирсэн.
Хуульд нэг буюу түүнээс дээш хүүхэд нэг буюу түүнээс дээш хүүхдийн бие махбодод халдах, үг хэлээр доромжлох мөн цахим орчинд үг хэлээр дайрч доромжлох зэргээр хохирол учруулах идэвхитэй үйлийг хэлнэ гэж заасан. Боловсролын орчны үе тэнгийн дээрэлхэлтийн эрхзүйн зохицуулалтад, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдэд болон дээрэлхэлтийг үйлдэж байгаа хүүхдэд аль алинд нь үйлчилгээ үзүүлэх байдлаар тусгаж өгсөн. Хохирч буй хүүхдийг гэмт хэргийн шинжтэй болон гэмт хэргийн шинж агуулаагүй гэж ангилж үздэг. Хэрэв гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын байгууллагад холбож сануулах арга хэмжээ авна. Өнгөрсөн онд манай улсын хэмжээнд 400 гаруй энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн байсан. Өртсөн хүүхдүүдийн насны байдлаас үзэхэд 12-оос доош насныхан гэмт хэргийн шинжгүй, 14-өөс дээш насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлтийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэйг тогтоосон байна.
-Үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн хаана үйлдэгдэж байгаа вэ?
-Иргэд энэ төрлийн хэргийг боловсролын байгууллагын орчинд гардаг гэж ойлгодог. Гэтэл одоо сургуулийн орчноос гадна, цахим орчинд гарах байдал нэмэгдсэн. Дээрээс нь нэг сургууль, анги, байр орчин гээд танилын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт явагддаг байсан бол одоо огтоос танихгүй хүүхдүүд цахим орчинд нэгнээ олон, цөөнөөр гадуурхах, дээрэлхэх байдлаар эхлээд, асуудал даамжирсаар биеэр уулзаж хүчирхийлэл, бие махбодын хохирол учруулах хэмжээнд хүрч байгааг анхаарах хэрэгтэй болсон.
-Энэ оны байдлаар тоо баримт гарсан уу. Урьд оны байдалтай харьцуулахад ямар байгаа бол. Холбогдох байгууллагууд ямар ажлуудыг хийж байна?
-Энэ оны наймдугаар сарын байдлаар 100 гаруй хэрэг зөрчил бүртгэгдсэн байгаа. Өмнөх онтой харьцуулахад 11 хувиар буурсан. Энэ төрийн гэмт хэргийн тухайд цагдаагийн байгууллага, бусад байгууллагуудтай хамтран хүүхдийн орчин болоод цахим орчинд чиглэсэн ажлуудыг тасралтгүй хийж байна. Үе тэнгийн дээрэлхэлт гэж юуг хэлэх, хэрхэн хамгаалах, өртөхөөс сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана, хэнд ямархуу байдлаар хандах вэ гэх мэт ажлуудыг ЕБС-ийн хүүхдүүдэд тогтмол явуулж байгаа.
-Ямар тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх вэ. Бие махбод, эд хөрөнгийн хохирлыг бодвол үг хэлээр болон сэтгэл санааны байдлаар хохирсон хүүхэд нотлох баримт бүрдүүлэх нь хэцүү юу?
-Бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг давтан учруулсан гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шат дараатай арга хэмжээ авна. Үүнд хамгийн эхэнд, шалгалтын ажиллагаа явуулж, хохирлын хэмжээг тогтооно. Гэмт хэргийн шинжтэй гэж тогтоогдвол хохирлыг төлүүлж, хохирсон хүүхдээс уучлал гуйлгах арга хэмжээ авна. Цаашлаад хохироосон хүүхдийг эцэг эхийн хамт сургалтад суулгана.
-Мөн хохирсон хүүхэд айж ичих, нуух тохиолдол гардаг байх. Өөрөө хэлээгүй тохиолдолд илрүүлэх боломжтой юү?
-Нуух тохиолдол гардаг. Нөгөө талаасаа айх, бусдаас ичих гэх мэт байдлаас шалтгаалдаг. Нуун дарагдуулснаар улам даамжирдаг гэдгийг ойлгуулж, мэдээллийг сайтар өгч байх хэрэгтэйг сануулдаг. Дээрэлхэлтэд нэг дагнасан шалтгаан гэж байхгүй. Энэ оны байдлаар цахим орчинд тандалтаар илэрсэн 24 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж үзэхэд найман тохиолдол нь үе тэнгийн дээрэлхэлт мөн байсан нь нотлогдсон. Тэгэхээр цахим орчинд буюу нууц хэлбэрээр байх магадлал бий гэсэн үг. Томчууд хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцдог байхыг л хүсэж байна.
-Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд цагдаад шууд хандаж чадахгүй байж болно. хүүхдүүд ер нь хэнд эхэлж мэдэгддэг вэ. хүүхдийн гомдол мэдээлэл хүлээн авах хаяг, тусгай дугаар бий юү. Эцэг эх, томчууд юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?
-Хүүхдээ дунд ангид ороод биеийн хувьд өөрийгөө авч явж чаддаг болонгуут эцэг эхийн анхаарал халамж багасч сулардаг. Энэ үеэс үе тэнгийн дээрэлхэлт гарч болзошгүй эрсдэлтэй үе эхэлж байдаг. Түүнийг анзаарахгүй байснаар ямар нэг байдлаар хүүхэд өртөх, эсвэл үйлдэх магадлал бий болдог гэсэн үг. Хүүхэд хамгааллын тухай хуулинд заасанчлан эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх болон үйлдэхээс хамгаалах үүрэгтэй гэсэн байдаг. Тэгэхээр сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ маш сайн ярилцдаг байх нь чухал. Сургуулиуд дээр хүүхэд хамгааллын баг гэж ажиллаж байгаа. Мөн санал хүсэлтийн хайрцаг бий. Хүүхэд хамгааллын 108 утас бас нэг суваг мөн. Дээрх сувгуудаар айх эмээх зүйлгүйгээр мэдэгдэж байх хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ байнга сануулж байх нь зүйтэй. Томчуудад хандаж чадахгүй тохиолдолд хүүхдүүд дотны найздаа хэлж мэдэгдэх нь бий. Мөн нэг зүйлийг анхааруулан хэлэхэд, энэ төрлийн хэрэгт холбогдсон эсвэл хоёр хүүхдийн хооронд гэмт хэргийн шинжтэй зөрчил үүсээд байхад манай эцэг эхчүүд өөрсдөө бие биенээсээ уучлал гуйгаад өнгөрдөг. Энэ нь тэр хоёр хүүхдийн асуудлыг шийдэж байгаа биш нуун дарагдуулж байгаа гэж үзэж болно. Эсвэл хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэдэг. Яагаад гэхээр хэн нэгнийг дээрэлхээд эвтэйхэн яриад өнгөрдөг юм байна, эсвэл өөрийгөө өмөөрөх байдал гаргаад явж болох юм байна гээд гэм буруугаа ойлгохгүй өнгөрөх нь бий. Хүүхэд хамгааллын хуулинд зааснаар тухайн хэрэг үйлдэгч хүүхдийг хохирсон хүүхдээс уучлал гуйлгах ёстой.
Хүүхэд учраас буруу зүйлийг тухай бүрд ойлгуулж байх нь нийтийн соёл хандлага төлөвшүүлнэ гэж үздэг. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртүүлэхгүйн тул хүүхэдтэйгээ сайтар ярилцдаг байх хэрэгтэй
Б.ДАРИЙМ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ