Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тайландын цэцэрлэгт болсон халдлагын үеэр ганц л хүүхэд амьд гарчээ



Тайландын зүүн хойд хэсэгт орших Нонг Буа Лампу мужийн цэцэрлэг рүү хутга, буутай этгээд нэвтэрч, халдлага үйлдэх үеэр гурван настай Эмми охин найзынхаа дэргэд унтаж байжээ. Анги нь 11 хүүхэдтэй, бүгд гурван настай. Өглөөний 10 цагийн үед хүүхдүүд бүгд зураг зураад завгүй байв. Багш нар нь эцэг эхчүүд рүү нь хүүхдүүдийнх нь инээж баясаж буй зургуудыг явуулжээ. Гэвч түүнээс хоёр цагийн дараа буюу өдрийн унтлагын цагаар цагдаагийн алба хаагч асан Паня Камраб гэгч цэцэрлэг руу нэвтрэн орж, эхлээд цэцэрлэгийн ажилтан руу, дараа нь найман сартай бие давхар багш руу бууджээ. Улмаар  цэцэрлэгийн гурван анги руу орж гал нээв. Паня Камраб Эммигийн ангийн хүүхдүүд рүү бүгд рүү нь буудсан байна.

Харин Эмми охин хэрхэн амьд гарсан нь  тодорхойгүй байгаа аж. Тэрээр ангийнхаа хүүхдүүдийн дэргэд эвхэрсэн хэвтэж байжээ. Түүний өвөө 59 настай Сомсак Сритонг "Охин маань сэрээд юу болсныг огт ойлгоогүй байсан. Ангийнхаа хүүхдүүдийг унтаад л байна гэж бодсон. Энд тэндгүй цус урссан байсан тул цагдаа нүүрийг нь далдлаад ангиас гаргажээ. Аврагчид Эмми охиныг айлгахгүйн тулд хоёр давхар руу авч гарсан байна. Тэд бусад ангиудад амьд үлдсэн хүүхэд байгаасай гэж их найджээ. Гэвч цэцэрлэгийн хүүхдүүдээс ганцхан хүүхэд эсэн мэнд үлдсэн нь Эмми байв. Амиа алдсан 37 хүний 24 нь хүүхэд байсан бөгөөд халдлага үйлдэгчийн эхнэр болон дагавар хүү нь мөн амь үрэгджээ.

Эмми охины өвөө Сомсак "Охиноо амьд гарсанд би маш их баярласан. Охиноо хараад чанга тэвэрсэн" гэв. Эммигийн ээж 35 настай Паномпай Сритонг долоо хоног Бангкокт ажиллаж байгаа аж. Тэрээр цэцэрлэгийн хүүхдүүд бүгд эндсэн тухай дуулаад охиноо амьд мэнд гэдэгт итгэлтэй болохын тулд охинтойгоо дүрсээр ярьж байж сэтгэлээ амраажээ. 
Эммид эмээ, өвөө нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байжээ. Охин нь тоглоомоороо тоглоод сайн найзыгаа асуугаад байсан аж. Тэд үргэлж хамтдаа унтдаг байжээ. Охин цэцэрлэгтээ ч дуртай, багш нартаа ч хайртай байв. "Эмээ нь Эммид ангийнх нь хүүхдүүд болон багш нар нь амиа алдсан, цэцэрлэг нь хаагдсан тухай тайлбарласан. Гэвч охин маань цэцэрлэгтээ өдөр бүр явъя гэж гуйдаг. Үхлийн тухай ойлгоход хэтэрхий балчир байна" гэжээ. Гэмт этгээдийн халдлага үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэвч цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Камраб өнгөрсөн зургаадугаар сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ажлаасаа халагджээ. 

Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ