Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийн Улс төр: Перс оронд “хувьсгалын тохироо” бүрдсэн үү?

Лалын шашинт эмэгтэйчүүдийн хэрэглэдэг хижаб толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар 22 настай иран бүсгүй Махса Амини-г Ёсзүйн цагдаа нар баривчилсны дараахан бүсгүй нас барсан хэрэг гарсан билээ. Амини-гийн үхэлд цагдаа нар буруутай хэмээн хилэгнэн уурссан олон түмэн гудамжинд гарч  эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн нь гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
 
Сүүлийн хэдэн жилд Иранд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх нь хэвийн үзэгдэл болсон хэдий ч энэ удаагийн “үймээн самуун” урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарлаа. Олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, тус улсын 100 гаруй хотод жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид интернэт сүлжээг хаасан боловч эсэргүүцлийн ажиллагаа хумигдсангүй, хүрээгээ улам тэлсээр. Хижаб тойрсон хилэнт жагсаал Перс орны хувь заяаг эргүүлж мэдэхээр болов. Зарим ажиглагч 1979 оны хувьсгал шиг үйл явдал болохыг ч үгүйсгэхгүй байна.
 
Жагсагчид эхэндээ Махса бүсгүй амиа алдсан шалтгааныг мөрдөн шалгахыг шаардаж байсан бол одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх боллоо. “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн уриа лоозон барьсан иран бүсгүйчүүд хижабаа тайлан хаяж, үсээ хайчлан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Одоогоос 43 жилийн өмнө хижаб зүүхийг хориглох тухай шах Пехлевийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан иран эмэгтэйчүүдийн үзэл бодол өнөөдөр ингэж өөрчлөгджээ. Тэр үед хижаб алчуур хувьсгалын бэлгэ тэмдэг болж байв.  
сонин mn
Өмнө нь эмэгтэйчүүдийн хувцаслалтанд цензур тогтоохыг эсэргүүцсэн жагсаалууд 2018, 2019 ба 2021 онуудад болж байсан, гэхдээ жагсагчид Ираны улс төрийн тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавих нь бүү хэл, энэ талаар ярихаас ч жийрхдэг байв. Энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааны гол цөмийг оюутнууд, сөрөг хүчин болох зүүний намууд, үндэсний цөөнхүүдийн төлөөлөл бүрдүүлж байна. Улмаар хижабны асуудлаас халиад Ираны зарим мужийн автономит эрхийг өргөжүүлэх шаардлагыг ч тавьж байгаа бололтой. Талийгаач бүсгүй Ираны Курдистанд төрсөн, курдуудын үндэсний хөдөлгөөнд оролцож байсан гэдэг, тэгэхээр Курдистан дахь эсэргүүцлийн ажиллагаа өргөжиж, ажил хаялтанд шилжсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу.
 
Ёсзүйг сахиулагч цагдаа 
Дээр дурдсан Ёсзүйн цагдаагийн газар гэдэг нь харьцангуй шинэ байгууллага бөгөөд 1979 оны Исламын хувьсгалын дараагаас янз бүрийн хэлбэрээр оршин тогтносоор өдийг хүрчээ. Анхны хэлбэр нь “Басиж” гэдэг нэртэй цэрэгжсэн цагдаагийн байгууллага бөгөөд Иран-Иракийн дайнд оролцсон сайн дурынхнаас бүрдэж байв. “Басиж”-ын гишүүд эхэндээ Ираны оюутнуудын хувцаслалтын хэв маягийг хянадаг байсан бол чиг үүрэг нь улам өргөжиж, олон нийтийн газарт явж буй хүмүүсийг хянах болж, дресс-код зөрчсөн бол баривчлах эрх эдэлдэг болжээ. Гэхдээ лалын шашны дэг жаягт тохирсон зөв хувцаслалтын талаар хуульд тодорхой заагаагүй тул тухайн сайн дурын цагдаагийн ажилтан өөрийн үзэмжээр зөрчил гаргагчдыг баривчлан шийтгэх нь түгээмэл.  
Эрх баригчдын байр суурь 
НҮБ-ын чуулганд оролцсоныхоо дараа Нью-Йоркоос эх орондоо буцаж ирсэн ерөнхийлөгч Ибрагим Раиси мэдэгдэхдээ, шийдвэртэй арга хэмжээ авч, төрийн дайснуудтай хатуу ширүүн тэмцэхийг уриалсан байна. Тэрбээр эмгэнэлт хэрэг явдлын шалтгааныг мөрдөн шалгахыг амласны зэрэгцээ “Махса бүсгүйг цагдаа нар зодоогүй, тэрбээр зүрхний шигдээсээр нас барсан” гэсэн нь олон нийтийн дургүйцлийг улам дэвэргэв.
 
сонин mn
Ираны арми ба хууль сахиулагчдын мэдэгдлүүд ерөнхийлөгчийнхтэй үндсэндээ адил байна. “Исламын тогтолцоотой дайсагналцдаг этгээдүүдийн ажиллагаа бүтэлгүйтээд эхэлмэгц тэд иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг өдөөн турхирч байна” гэж Ираны армийн командлалын мэдэгдэлд дурджээ. 
 
 Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Насер Канаани мэдэгдэхдээ “АНУ ба Европын Холбооны гишүүн зарим улс орон Исламын БНУ-д болж буй үйл явдлыг дөвийлгөн дэвэргэж, хэв журмыг зөрчиж буй этгээдүүдийг өөгшүүлэн дэмжиж байна. Гэтэл олон сая иранчууд одоогийн төрийн тогтолцоог дэмжиж байгаа талаар барууныхан таг дуугүй байна” гэжээ.  Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус гэдэг байгууллага мэдэгдэл хийж “Үймээн самуун бол иранчууд ба манай исламын төрийн тогтолцоо эдийн засаг, улс төрийн салбарт стратегийн томоохон амжилт олсон явдалд өширхөж буй үйлдэл” гэж тодорхойлсон байна.
 
 
Харин барууны хэвлэлүүд болон иранчуудын зарим нь “Раиси бол алуурчин” гэж үзсэн хэвээр байна. 1988 онд Тегеран хотын прокуророор ажиллаж байхдаа сөрөг хүчнийхнийг буудах тушаал өгсөн хүмүүсийн нэг хэмээн өөрийг нь буруутгадаг боловч Раиси үүнийг эрс няцаадаг. Түүнээс гадна, Ерөнхийлөгч нэр хүндээ унагах шийдвэрийг гаргаж, импортын улаан буудайнд олгодог татаасыг хүчингүй болгосон нь гурилан бүтээгдэхүүний үнэ 3 дахин өсөхөд хүргэжээ. Ургамлын тос, сүүн бүтээгдэхүүний үнэ өссөөр 2022 онд гэхэд инфляц 30 хувиас давжээ. Үүний улмаас 5 дугаар сард Раисиг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаанууд болж өнгөрсөн юм. Харин эрх баригчид эдгээр хүндрэл үүссэн шалтгааныг гадны хүчин зүйлүүдтэй холбож, өмнөх ерөнхийлөгч Хасан Рухани-д бурууг тохож байна. 
 
Эсэргүүцэл даамжирч, тогтолцоог шинэчлэх шаардлагыг анх удаа тавьж байгаа нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуй хүндэрсэнтэй холбоотой. Гол шалтгаан нь, АНУ тэргүүтэй барууны улс орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээний хүрээнд 3600 гаруй хязгаарлалт тогтоожээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ мухардалд орсон тул дээрх хоригуудыг цуцлах магадлал тун бага. Үүнтэй зэрэгцээд Махса бүсгүй амиа алдсан хэрэг гарсан нь Иран дахь хүний эрхийн асуудлыг хөндөхөд хүргэж байгаа бөгөөд хуучинсаг үзэлт эрх баригчид интернэт сүлжээг хааж, жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг хүч хэрэглэж байгаа нь барууныхан хоригоо улам чангатгах шалтгаан болж байна.
Дээд удирдагч ба Ерөнхийлөгчийн эрх мэдлийн ялгаа 
Үйл явдалтай зэрэгцэн Ираны Дээд удирдагч Али Хаменеи-гийн биеийн байдал эрс муудсан тухай баттай бус мэдээлэл тархсан нь гал дээр тос нэмлээ. Сүүлийн хэдэн сарын турш тэрбээр олон нийтийн өмнө гарч ирээгүй тухай, 43 жилийн өмнөх Лалын хувьсгалаар түлхэгдэн унасан шах Пехлеви мөн хүндээр өвчилсөн байсан тухай барууны хэвлэлүүдэд бичсээр байна. Ташрамд дурдахад, Ираны Дээд удирдагч үнэмлэхүй их эрх мэдлийг эдэлдэг бөгөөд Ираны Ерөнхийлөгч түүнд захирагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогийн Дээд удирдагч Али Хаменеи зэвсэгт хүчин, гадаад харилцаа ба шүүхийн тогтолцоог хянадаг субъект юм. Тэрбээр мөн Ираны цөмийн асуудлыг хариуцдаг. 
 
сонин mn
Ираны Дээд удирдагч Аль Хаменеи 
Харин Ерөнхийлөгч бол бүх нийтийн санал хураалтаар сонгогддог, гэхдээ хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг Дээд удирдагч шийддэг ажээ. Ерөнхийлөгч нь Сайд нарын танхимыг удирдаж, Батлан хамгаалахын сайд, тагнуулын албаны дарга, элчин сайдууд ба мужийн захирагч нарыг томилдог хэдий ч мөн л Дээд удирдагчаас зөвшөөрөл авах ёстой. 
 
Товчхондоо, Дээд удирдагч бол Ираны үнэмлэхүй захирагч, харин Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг хязгаарлагдмал эрхтэй субъект гэж ойлгож болно.   
 
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Ираны зүүн өмнөд нутгийн Захедан хотын цагдаагийн газрын байр руу салан тусгаарлагчид дайрсны улмаас 19 хүн амь үрэгджээ. Засгийн газрыг эсэргүүцсэн аливаа ажиллагааг хайр найргүй, хатуу ширүүнээр дарах тушаалыг Ираны аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн тухай, одоогийн байдлаар 50 гаруй хүн амиа алдаад байгаа тухай олон улсын “Эмнести Интернэйшл” байгууллага мэдээллээ.
 
сонин mn
Үйл явдлын өрнөлийг хамгийн таагүй хувилбараар төсөөлбөл, хэрвээ цаашид байдал хурцдах аваас Иран улс хэд хэдэн хэсэг болж салж болзошгүй. Тус улсын нутгийн хойд талд Каспийн тэнгис, өмнө талд нь Персийн булан гэсэн газрын тосны асар их нөөцтэй хоёр бүс нутаг оршдог учраас Иранд байдал хурцадвал Ойрхи Дорнод, Дундад Ази ба Төв Ази дахь нөхцөл байдал тогтворгүй болж, нефтийн үнэ өсөх эрсдэлтэй гэдгийг Оросын шинжээч Василий Останин-Головня дурдлаа. Ирак, Афганистан хоёрын дундах харьцангуй тогтвортой Иран улсад нөхцөл байдал хурцадваас тун таагүй үр дагаварт хүргэж мэдэх юм.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалжууд: lenta.ru   argumenti.ru
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ