2022 оны II улирлын байдлаар улсын хэмжээнд 98 мянган ажилгүй иргэн байна. Харин идэвхтэй ажил хайж буй иргэдийн тоо 3.5 дахин бага буюу 28 мянга орчим байгааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам мэдээллээ.
2021 онд аж ахуйн нэгж байгууллагын 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон нь сүүлийн есөн жилийн дээд үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл 36.9 мянган ажлын байр сул байгаа аж. Үүнд ажлын байрны тогтворгүй байдал, ур чадварын зөрүү, ажиллагчдын ажлын байранд хандах хандлага, цалин зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны судалгаа харуулж байна.
Энэ оны II улиралд Монгол Улсад ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсөж, 6.2 мянга хүрчээ. Монгол Улсад ажил эрхэлдэг гадаадын иргэдийн гуравны хоёр нь уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа аж.
Монгол Улсад мэргэжилгүй ажиллах хүч хангалттай байгаа ч барилга уул уурхай зэрэг өндөр боловсрол, мэргэжлийн ур чадвар шаардсан салбарт ажиллах хүчин хомсдолтой хэвээр байгааг АНУ-ын Төрийн Департментын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд онцолжээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дутагдалтай байгаа ажиллах хүчний асуудлыг дотоодод сургалт явуулах, цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, эсвэл ур чадвартай ажилчдыг гадаадаас хөлслөн авах зэргээр шийдвэрлэдэг.
Хэдий тийм боловч 2021 оны тооллогоор 57.6 мянган аж ахуйн нэгжийн хоёр хувь нь судалгаа хөгжүүлэлтийн ажил хийсэн байна. Энэ нь дэндүү чамлалттай үзүүлэлт болохыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Б.Есүйхулан
Bloombergtv.mn