Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч цэргийн алба хааж байх хугацаандаа төмсгөндөө гэмтэл авч одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байна.
Байлдагч залуугийн бие халуунтай, эрүүл мэндийн байдал таагүй байгааг ар гэрийнхэн нь онцолж байгаа юм. Гэсэн ч Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс “Эрүүл мэндийн байдал хэвийн” гэж үзэн эмчилгээ хийхгүй байгаа аж.
Харин тухайн цэргийг хувийн эмнэлэгт шинжлүүлэхэд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай гэх онош тавьжээ.
Тухайн цэргийн авга эгчээс нь болсон нөхцөл байдлын талаар тодрууллаа.
- Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн алба хааж байсан дүүгийн тань эрүүл мэндэд асуудал үүсжээ. Шалтгаан нь юу байв?
- Миний дүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмсөг рүүгээ өшиглүүлсэн юм билээ. Тухайн үедээ гайгүй явж байгаад энэ оны гуравдугаар сараас өвдөж эхэлсэн талаар өөрөө хэлж байгаа юм.
Өвчин нь даамжирсаар тавдугаар сард төмсөг нь унжиж хавдсан байна лээ. Энэ үеэр нь сойлт хийж байгаад хоёр ч удаагийн марш тактикийн уралдаанд оролцуулсан байна лээ.
Бүр тодруулбал тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд гүйлгэсэн байна лээ. Тухайн тэмцээнээс дүү минь алтан медаль хүртсэн байдаг. Төмсөг нь унжаад хавдчихсан байхад л сойлт хийж уяж байгаад гүйлгэсэн байгаа юм. Энэ бол цэвэр яргалал мөн.
Байлдагч ийм ноцтой гэмтэл авчихсан байгааг мэдсээр байж эрүүл мэндийн тусламж үзүүлэх бус марш тактикийн тэмцээнд гүйлгэж байгаа нь хүний ёсноос гажууд үзэгдэл биз дээ.
- Та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ. Биед нь ил шарх сорви байна уу?
- Шүд нь унаж, тархинд нь сорви үүссэн байна лээ. Бидний зүгээс зэвсэгт хүчинд эрүүл саруул хүүхэд хүлээлгэж өгсөн. Өөрсдөө ч эрүүл мэндийн үзлэгт оруулаад хүлээж авсан. Гэтэл хэдхэн сарын дараа л дүүтэйгээ эмнэлэгт уулзаж байна.
Цэргийн ангиудад яргалал байдаг нь харагддаг. Тогтолцоогоор нь өөрчлөх цаг ирсэн нь олон жишээнээс харагдаж байна.
Дүү маань өөрөө бол "Хорт утааны багт цохисон" гэх зүйлийг хэлж байгаа. Цаанаас ямар шалтгаантай болоод ийм зүйлийг ярьж байгааг нь ойлгохгүй юм. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө төмсөг рүү утааны багаар цохиод сууж байхгүй биз дээ.
- Одоо таны дүүгийн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ?
- Хоёр шанааны судас нь лугшаад халуунтай байна. Шээсний гарц нь маш муу, давсганд нь үлдээд байгаа. Гэтэл эмч нарын зүгээс биеийн байдал хэвийн гэх дүгнэлт хийж байгаад нь эргэлзэж байна. Энэ маш ноцтой асуудал шүү дээ.
Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэр бүл зохионо. Үр хүүхдээ үлдээх чадваргүй болбол яах вэ. Амиа хорлох ч нөхцөлд байдалд хүрч мэднэ биз дээ. Эрүүл саруул хүүхэд цэргийн албанд татчихаад ийм эрсдэлтэй нөхцөл байдалд оруулсанд нь гомдолтой байна.
Хувийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатайг хэлж байгаа юм. Хамгийн гол нь шинжилгээ өгч цаашид учирч болох эрсдэлийг тогтоож, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэв.
ХУРАНДАА Т.СҮХБААТАР: ТУХАЙН ӨВЧТӨНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХУВЬ ХҮНИЙ НУУЦ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖ АЛГА
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагчийн эрүүл мэндэд асуудал үүссэн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатараас тодруулга авлаа.
- 119 дүгээр ангийн байлдагчийн төмсөг хавдаж мэс ажилбарт орох нөхцөл байдал үүссэн талаар ар гэрийнхэн нь хэлж байна. Ар гэрийнхнийх нь зүгээс үүнийг гаднын нөлөөтэй байж болзошгүйг хэлж байна л даа. Энэ талаар тодруулахгүй юу?
- Тухайн өвчтөний онош, хийгдэж байгаа эмчилгээний талаар ярихад ёсзүйн хувьд боломжгүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр өвчний талаар яриад байх хэцүү. Тухайн хүн энэ өвчний талаар ярихыг зөвшөөрвөл ярьж болно.
- Өвчний түүх үүсээд ангидаа гурван cap хэвтсэн байна лээ. Энэ хугацаанд огт эмчилгээ хийгдээгүй нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр тухайн хүүхэд мэс ажилбарт орох болсон талаар гэрийнхэн нь хэлж байна шүү дээ.
- Харгалзан үзэх шалтгаанууд олон бий. Яг үүнийг хэвлэлээр ярих боломжгүй. Тухайн хүний эрүүл мэндийн талаарх асуудал хувь хүний нууц байдаг. Ийм асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх боломж үнэндээ алга.
Мөн энэ өдөр 167 дугаар цэргийн ангийн захирагч тэргүүтэй дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан юм.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б Отгонбаяр "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд 167 дугаар анги дээр Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдсэн. Энэ мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч байгаа.
Монгол Улсын хууль тогтоомж. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан. Нэгдүгээрт, 167дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон офицерын алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн.
Мөн хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тус ангийн миноватын батёроны захирагч, дэслэгч н.Мөнхжинтулга, артлёрын батёроны ахлах ахлагч н.Батболд нарыг төрийн албанаас халах. сахилгын шийтгэл оногдуулж, долдугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож байна.
Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй" гэв.
https://dorgio.mn/p/139393