Сар бүрийн эхний 7 хоногийн лхагва гарагт Төв аймгийн удирдлагууд иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай.Иргэндээ ээлтэй төрийн албыг бэхжүүлж, иргэдээ сонсдог, хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулдаг.
“Иргэдтэй уулзах цаг”-ийн энэ удаагийн батлагдсан хуваарийн дагуу Аймгийн Засаг даргын төсөв санхүү, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат нар оролцож нийт 100 гаруй иргэнийг хүлээн авч, санал хүсэлтийг сонслоо.
Тус уулзалтын үеэр цэцэрлэг, гудамжны тохижилт гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэх боломжтой, мөн нэг оюутны төлбөрийг "Алтан шанага" сангаас дэмжлэг үзүүлнэ гэдгээ удирдлагууд хэллээ. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг нэгтгэн авч үзвэл дулааны шугам сүлжээ, газрын хүсэлт, түрээсийн орон сууцны өргөдөл гэх мэт асуудлууд илүүтэй хөндөгджээ. Түүнчлэн энэхүү уулзалтын хүрээнд иргэд Зуунмод хотын 80 жилийн ойн хүрээнд хийж буй бүтээлч ажлуудыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, талархал дэвшүүлэв.