Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд


Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Энэ удаагийн дугаартаа бид Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр  аймгуудын үзэсгэлэнт газруудаас онцолж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН
       
              Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Арвагар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.
Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт арвагар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулжээ. 12 багана хооронд 10 дурсгалын самбар байрлуулж ивээн тэтгэсэн компанийн нэрийг бичиж мөнхжүүлсэн байна. Төв хэсгийн гадна талаар 25 метрийн диаметртэй тойрог бүхий хашаа барьж, дотор талаар нь мод тарьж, орох талдаа 3 метр өргөн явган хүний замтайгаар бүтээжээ. Гадуурх 108 суварга нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдсан бөгөөд түүний 96 суварга нь 2.6 метр өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна. Эдгээр нь бурхдад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.
ХАРХОРУМ ХОТ
Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан.
Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.
ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД
 
             Энэхүү хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
ӨМНӨГОВЬ АЙМАГ

          Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтад авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.

НОЁН БОГД, ТОЛЬ ХАД
           Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү, Хатан сэврээ, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.
Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна. Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.
ХОНГОРЫН ЭЛС
 
Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.
САНГИЙН ДАЛАЙН ХИЙД
 
 
           Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигджээ. 1708 оноос лам хувраг сууж эхлэн 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга хийлгэж “Рашчойнхор дамбадаржаалин” хийд хэмээн нэрийдэх болжээ. 1835 оноос үйл ажиллагаа нь улам өргөжин Дүйнхорын дуган, Хайлан дуган, Жүдийн дуган, Сахиусны дуган, Гүүргийн дуган зэргийг барьж, ном судар барлаж хэвлэх, мамба жүд зэрэг төрөлжсөн сургалтын дацангууд байгуулжээ.
Сангийн далай хийд нь хааш хаашаа 98 метр орчим хэрмэн хашаатай, 500 гаруй лам хуврагтай, 11 дуган сүмтэй, 8 дацан, 10 жастай, 11 мянган малтай, 1500 гаруй сүсэгтэн шавьтай болтлоо өргөжсөн байжээ. Тус хийдийн байрласан Тал хүйтний хөндий нь эр хүний хэрэглэл болох “хэт”-ний хэлбэртэй бөгөөд хийдийн барилга байгууламжид Хилийн цэргийн 8 дугаар отряд байрлаж өмнөд хилийг хамгаалж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хөндөлгүйгээр авч үлдсэн нь өнөө хүртэл өвлөгдөж иржээ. 2003 оноос хойш зарим барилгын эвдрэл гэмтлийг сэргээж 2007 онд дуусгажээ
ГОВЬСҮМБЭР АЙМАГ

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрхныг орон нутгийн тусгай хамгаалалтад 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

ХҮҮХДИЙН ОВОО

          Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг ажээ.

ЦООРХОЙН РАШААН
 
Цоорхойн рашаан нь байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар байдаг. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн юм. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашхирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ