Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Мандалговь хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлээр иргэд, олон нийтийн оролцоотой олон талт ажлууд хийгдэж байна. Сайнцагаан сумын нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр авто машины граж, контейнер, амбаар, ёмкость, дугуй засвар, хашаа, хавтан байрлуулан зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 46 байршилд аймгийн Засаг даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаартай "Газар албадан чөлөөлөх" тухай захирамжийн дагуу газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг тараасан.
Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд тавдугаар сарын 01-ний өдрөөс Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу "албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн заалтын дагуу Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр автомашины гараж барьсан мөн контейнер, амбаар, ёмкость, хашаа, хавтан тавьж зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, ААН-ийн газрыг албадан чөлөөлөх ажил явагдаж байна. Сайнцагаан сумын хэмжээнд зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 46 байршил байснаас одоогоор 29 байршилд газрыг чөлөөлөөд байна.