Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бид уул, овоо болгоноо тахилаа


Зуны дунд сар гарч, монголчуудын нутаг нуга, ах дүүгээ нийлж, уув, овоогоо тахих нэрээр “хогон овоо” босгодог цаг иржээ. Овоо тахиж, хур бороо, эд хөрөнгө арвижин дэлгэрэхийг гуйх нэрээр хамаг байдаг л хадаг яндар, хийморийн дарцгаа уяж орхичихоод орчин тойрныг нь хүн очих аргагүй болгох аж. Эд ямба хүссэн бүхэн овоондоо сүү, тараг, рашаан өргөж, идээний ууцаа тавих. Тахисан болгон нь овоогоо “бузарладаг” болоод удаж байна.
Овоондоо өргөсөн цай, сүү, архи, ул боов нь зуны наранд муудаж, өмхийрөөд сүйд. Тахисан овоог нь тойрсон орчинд талаар нэг хийсэж, “хогон овоо” босголцдог болов.
 

Судлаачид уул, овоог тахих ёсыг байгалиа хамгаалах зан үйлтэй холбогдуулан гарч ирсэн зан үйл гэж үздэг. "Овооны эхэн тандаа, олзны эхэн наддаа’’ гэж хэлээд овоон дээр чулуу нэмэн нар зөв гурван удаа тойрдог эртний уламжлал бий. Энэ уламжлалын дор овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морь унаж өнгөрөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө тавих, элдэв хог хаяхыг онцгой цээрлэдэг.

                   Гэсэн ч сүсэглэж, биширсэн олон хайрхан уулаа тахих нь олонтаа ч, эсрэгээрээ хүрээлэн буй орчныг нь бохирдуулж, тахих нэрээр “бузарласаар” байгаа нь нууц биш. Уул шугамдаа хүмүүсийн тахин шүтэж буй сүсэг бишрэл нь буруу биш боловч, элдэв илүүц зүйлийг уул, овоонд өргөж, хогийн цэг болгож байгаа нь харамсалтай.
Эрийн хийморь сэргээдэг гэгддэг монголчуудын шүтээн болсон хайрхнууд тэмдэглэлт баяр болгоноор хийморио сэргээх хүсэлтэй хүмүүсийн хөлд дарагдаж, хогийн цэгээс өөрцгүй болчихно. Сүү, тарагны гашилсан нэхүүн үнэр, арц, хүжний үнэртэй холилдон өмхийрч гүйцсэн хэдэн хайрханд нь зуны цагт л ганц нэг жуулчин ирвэл их юм болжээ.

Сүүлийн жилүүдэд уул, овоогоо мөнгөөр тахих “ёс” газар авчээ. Тахисан мөнгийг нь хүн авахгүй, амьтан ч идэхгүй байсаар төрийн соёмботой мөнгөн дэвсгэрт үжрэх. Өргөн цагаан идээ, малын мах нь илжирч, “тарьсан” хогоо аваагүйгээс архи, дарсны шил, лааз, сүүний хайрцаг хөглөрсөн уул ард нь хоцорч байна.

                    Монгол хүн унасан газар, угаасан усаа сэтгэл зүрхнээсээ хайрлаж, “Хөрст алтан дэлхий ээж, хөх мөнгөн тэнгэр эцэг” хэмээн биширч байсан нь байгалиа дээдлэн эрхэмлэж ирсний илрэл. Эрт цагаас хойш тэнгэр эцэг, газар эх хэмээн ам дамжин яригдаж, тэнгэрийг нар, сар, од гаригийн хамтад, газрын хөрс, шороо уул, ус, ургамал амьтны хамтад ухааран ойлгож, нийлбэр цогцоор нь хүндлэн ирсэн түүхэн уламжлал бий. Өдгөө сүсэглэн мөргөдөг уул, овоо болгонд нь шашны дэлгүүр дэлгэрч, зоогийн газар, жижиглэнгийн худалдаа газар авах аж. Сүсэглэн биширдэг уул, овоогоо хогийн цэг болгоход ойрхон байна. Бид хэзээ сүсэглэх нэрийнхээ дор мах, шүүс, хадаг, дарцаг зэргээр хогон овоо босгож, хог тарихгүй уул, овоо тахиж сурах вэ.
https://ergelt.mn/news/65/single/22028
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ