Жилд дунджаар 1500 гаруй айл өрх, 2000-3000 орчим иргэн Ховд аймгийн төвөөс Буянт гол дагуу зусланд гардаг. Энэ зуны тухайд одоогийн байдлаар 900 гаруй айл өрх зусланд гарсан байна.
Сүүлийн үед айл өрхүүд голын дагуу суурьшиж зусланд гарах, аялал зугаалгаар явах тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ бага насны хүүхдүүд нийлж голын эрэг дээр тоглох, голын усанд орох хандлага ажиглагдах боллоо. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан цаашид голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжих магадлалтай. Иймээс иргэд бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хяналтаа сайжруулах, үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ташрамд, 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн мэдээгээр Ховд голын усны түвшин 241 см хүрч, үерийн аюултай түвшнээс 1 см-ээр давж, үерлэж байна. Иймд дээрх голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аялал зугаалгаар амарч буй иргэд, тээвэрчид үер, усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг мөн зөвлөлөө.