Хөвсгөл аймаг нь хотгойд, дархад, урианхай, буриад, цаатан зэрэг олон ястны өлгий нутаг юм. Тус аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумын дархад ястан өөрийн гэсэн өвөрмөц аялгуутай дуулдаг дууг дархад дуу гэдэг.
Дархад дууг сэргээн хөгжүүлэх олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хатгал тосгоны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Монгол Улсын Тэргүүний ардын авьяастан Д.Цэнд-Очирын нэрэмжит “Далай ээждээ дуулахууч хоё” дархад дууны уралдааныг зохион байгууллаа. Уралдааныг хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явуулж 50 гаруй иргэн оролцлоо.
Уралдаанд оролцож буй иргэд олонд түгсэн цөөн тооны дууг дуулж байна. Мөн үг, аялгууг нь их сольж байна. Өөрөөр хэлбэл дархад дууны урын сан цөөрсөн байна. Иймээс цаашид дархад дууг сэргээн олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, үг аялгууг зөв сурах шаардлагатай байна” гэдгийг тус уралдааны ерөнхий шүүгч МУСТА П.Амарсайхан хэлж байлаа.
Дархад дуу нь зөвхөн дархад ястны төдийгүй Хөвсгөл аймгийн хэмжээнд түгэн дэлгэрч өргөн дуулагддаг байжээ. Эрдэмтэн судлаачдын судалж бүртгэснээр 700 орчим дархад дуу байна гэж үздэг боловч сүүлийн үед 40-50 орчим дууг л иргэд дуулдаг байна. Дархад дууны ая нь ганган, үг нь оновчтой, цэц сайтай онцлог нь хөг аялгадаа байдаг ажээ.