Энэ оны хувьд Өвөрхангай аймаг мод тарих ажлыг өөрсдийн нөөц боломжооос гадна бусад аймгуудаас тарьц суулгац татаж авах байдлаар зохион байгуулна. Учир нь аймгийн хэмжээнд энэ жил 600 мянган мод тарих төлөвлөгөөтэй ч мод үржүүлгийн арваад газарт нийт 140 мянган тарьц суулгацын нөөцтэй байна.
Иймд сум, төсвийн байгууллага бүрт тарих модны хэмжээ, газрыг хуваарилан өгөөд байна. Мөн хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарих, тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах гэрээг байгуулжээ.
Мөн энэ жилийн тухайд одоо байгаа мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжихэд анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэллээ.