Аймгийн БОАЖГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай хамтран 2020-2021 онд аймгийн 19 сумын усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосон байна. Уг ажлын гол зорилго нь үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, усны нөөцийг бохирдох хомсдохоос хамгаалах, хамгийн чухал нь хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа юм.
Архангай аймгийн хувьд 2020 оны байдлаар 833 гол горхи, 838 булаг шанд, 214 нуур тойром бүртгэгдсэн байна. Мөн орон нутгийн чанартай ашиглагддаг 45 рашаан төст булаг бүртгэгдсэн байдаг ба үүнээс аймгийн хэмжээнд эмчилгээ сувилгаанд болон амралт үйлчилгээний чиглэлээр халуун рашаан 5, хүйтэн рашаан 6 нийт 11 рашааныг ашигладаг байна.
2020 оны усны тоо бүртгэлийн дүн мэдээгээр нийт 833 гол горхи тоологдсоноос 21 хатаж ширгэсэн, 4 гол сэргэжээ. 838 булаг шанд тоологдсоноос 35 ширгэж, 14 булаг сэргэсэн байна. Нуур тойром 214 тоологдсоноос 11 нь ширгэсэн дүн мэдээтэй байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол горхи, нуур тойром хатаж ширгэх нөхцөл үүсээд байна.