Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гэж хуулиас дээгүүр, намаасаа давсан эрх мэдэлтэй нэгэн гэдгийг бид өмнө нь олон нийтэд хүргэж байсан.
Тэгсэн мань хүн сая сар шинийн баярын өдрүүдэд ч мөн л “том толгойлж” хурал, цуглаан зохион байгуулж сүрийг үзүүлжээ.
Д.Мөнхбаатар дарга энэ оны 1 дүгээр сарын 21-нд цар тахлын омикрон хувилбарын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай А/39 тоот захирамж гаргасан байдаг. Захирамждаа олон нийтийг хамарсан бүх нийтийн арга хэмжээ буюу морин уралдаан, спортын тэмцээн, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, тэмдэглэлт ой зэргийг хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хязгаарлах тухай тусгасан байдаг.
Мэдээж сар шинийн өмнө гаргасан энэ шийдвэр нь иргэд, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тусын тулд гэж харагдаж байгаа. Гэвч мань дарга өөрөө болон аймгийн бусад удирдлагуудын хамт Дархан-Уул аймгийг зорин хурал цуглаанд оролцож явсан байгаа юм.
Тодруулбал 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн сумдын Засаг дарга нарыг Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаа, эрчимжсэн махны үйлдвэрийн үхрийн аж ахуйтай танилцуулах арга хэмжээнд толгойлон авч явжээ.
Арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ХАА-н мэргэжилтнүүдийг 23 автомашин хөлөглөн авч явсан байдаг.
Өөрөө ЗАХИРАМЖ гаргасан. Гэтэл түүнийгээ үл тоон хурал нэрээр аймаг дамнан хэссэн байгаа биз.
Д.Мөнхбаатарын хувьд ингэж өөрийнхөө захирамжийг үл тоон аймаг дамнан хэсэх нь УОК-ыг үл тоож байгааг нь ч харуулж буй хэрэг.
УОК-ын зүгээс аймгуудын Засаг дарга нар буюу Онцгой комиссын дарга нар улсынхаас давсан захирамж гаргахыг өнгөрсөн онд хориглож, нэг чигт шийдвэр, захирамжийн дагуу ажиллахыг үүрэг болгосон.
Гэтэл Д.Мөнхбаатар дарга түүнийг үл тоож, аймгийн иргэдийнхээ үйл ажиллагаа зохион байгуулахыг нь хориглочхоод өөрсдөө бөөнөөрөө “хэсч” явсан нь хуулиас дээгүүр хүн гэдгийнх нь бас нэгэн нотолгоо юм.
http://erennews.mn/article/53186