Сүхбаатар сумын Соёлын төвийн хамт олон 2021 оны үйл ажиллагаагаараа Монгол Улсын 330 сумаа тэргүүлж “Улсын жишиг соёлын төв”-өөр шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулжээ. Шагналыг сар шинийн баярын босгон дээр Соёлын яам, аймгийн Соёл урлагийн газрын хамт олон цахимаар хүлээлгэн өгсөн байна.
Улсын хэмжээнд олгож буй анхны шагналын эзэн болсондоо манай хамт олон үнэхээр баяртай байна. Бид орон нутгийнхаа иргэд рүү чиглэсэн соёлын үйл ажиллагааг жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулдаг. Хөдөөгийн багууд руу чиглэсэн ажил, олон төрлийн секц дугуйлан хичээллүүлэх, иргэдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор хамт олон, гэр бүлээр нь хамарсан уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулдаг, хөрөнгө оруулалт сайн татаж чаддаг зэрэг нь бидний давуу тал байж чаддаг. Өнгөрсөн онд 480 гаруй сая төгрөгийг зөвхөн орон нутгаасаа татаж, байгууллагынхаа тохижилт, техник тоног төхөөрөмжийг сайжруулсан. Мөн улсын чанартай уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн, Соёлын төвийн дэргэдэх номын сан, улсын шилдэг номын сан болсон зэрэг их амжилтуудыг гаргасан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд нөлөөлсөн гэж Соёлын төвийн дара Л.Батжаргал хэллээ.
Шагналын 10 сая төгрөгөөр ажилчид болон тоглолтын хувцсаа шинэчлэх, тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт зарцуулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН