Монгол Улсын хэмжээнд Цаг уурын хэмжлийн 137 өртөө үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Ховд аймгийн Манхан сумын Цаг уурын өртөө нь 2021 оны ажлаараа улсад “Тэргүүний өртөө”-гөөр шалгарчээ.
Мөн ус судлалын 123 харуулаас Ховд аймгийн Буянт-Ховд ус судлалын харуул “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгарсан бөгөөд аймаг, хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нийт 22 байгаагаас Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь 2021 оны ажлын нэгдсэн дүнгээрээ улсад нэгдүгээр байр эзэллээ.
Тус байгууллагын ажилтнууд нь цаг уурын гаралтай байгалийн учирч болзошгүй бүх төрлийн үзэгдлээс иргэдийг урьдчилан сэрэмжлүүлж, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж байна. Өнгөрсөн 2018 онд улсад гуравдугаар байр, 2019 онд нэгдүгээр байрт тус тус шалгарч байсан бөгөөд ийнхүү ажлын амжилтаа дахин бататгав.
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2021 оны онцлох 10 ажлаа танилцууллаа. Тодруулбал:
“Мэргэжил сурталчлах” ажлын хүрээнд Буянт-Ховд ус судлалын харуулын техникч Я. Батгэрэл өвлийн мөсний үзэгдлийн ажиглалт болон өвлийн өнгөрөлт, түвшин, цас, мөсний зузааныг хэрхэн хийх талаар үзүүлэн ажиглалтыг хийв. Ховд их сургуулийн удирдлага, багш нар болон байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл үүнд оролцсон юм.
“Мэргэжил сурталчлах” ажлын хүрээнд Ховд станцын техникч Д.Отгонцэцэг өдөр тутмын цаг агаарын ажиглалтыг хэрхэн хийх талаар үзүүлэн ажиглалтыг хийв. Үзүүлэн ажиглалтыг Ховд аймгийн иргэдийн төлөөлөл болон Ховд их сургуулийн оюутан, сурагчид үзэж, сонирхов.
“Дэлхийн цаг уурын өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран оюутан, ахлах ангийн сурагчид, иргэдийн дунд "Дулаарал миний амьдралд" сэдэвт тик ток болон видео шторк уралдааныг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шагнаж, урамшуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын дээвэрт засвар хийлгэв. Уг ажлыг “Мөнх баян эрдэнэ” ХХК-ийн хамт олон 15 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэв.
Цэцэг сумын барилгын урсгал засварын ажлыг "Сутайн цамхаг" ХХК-ийн хамт олон улсын төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийлээ.
Нийт ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт зохион байгуулав. Сургалтад цаг уурын 9 өртөөний техникчид цахимаар, хөдөө аж ахуйн 7 харуул, ус судлалын 9, нуур судлалын 1 харуулын техникчид танхимаар оролцрж, салбарын хууль, дүрэм журамд орсон өөрчлөлт, цаг агаарын үзэгдлийг танин мэдэх, мэдээллэх арга зүйд суралцав.
Ховд аймгийн 1985-2020 оны цаг агаарын элементүүдийг нэгтгэн 1983 оноос хойш хэвлэгдээгүй байсан уур амьсгалын лавлагааг цаг агаарын олон үзүүлэлтээр нэгтгэж, эмхэтгэн Ховд аймгийн "Уур амьсгалын лавлах"-ыг шинэчлэн гаргав. Мөн сүүлийн 5 жилийн нисэх буудал орчмын цаг агаарын элементүүдийг нэгтгэн "Ховд нисэх буудлын уур амьсгалын тодорхойлолт"-ыг эмхэтгэн гаргалаа.
Байгаль орчны лаборатори итгэмжлэл авах ажлыг бүрэн хангав.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх гаралтын тоог нэмэгдүүлснээр хур тунадасын хэмжээг 2021 онд олон жилийн дунджаас 45-55 хувиар нэмэгдүүлж ажиллалаа.
Сум орон нутагтай хамтарч Эрдэнэбүрэн, Дарви сумын харуулын цаг уурын ажиглалтын талбай 48 мкв байсныг 72 мкв болгон өргөтгөхийн зэрэгцээ Булган, Чандмань, Зэрэг гэх мэт суманд станцын барилгын дотор, гадна тохижилтын ажил хийв. Ус судлалын Бодонч-Алтай, Буянт-Ховд харуулын ажиглалтын талбайг тохижуулав.
Цаг агаарын мэдээг малчин, иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Манхан, Булган суманд цаг агаарын мэдээний лэд дэлгэцийг шинээр байршуулав. Багц мэссэж үйлчилгээгээр Ховд аймгийн нийт сумын 550 малчин, иргэдэд цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэн үйлчилж, болзошгүй аюул, эрсдэлээс сэрэмжлүүлж ажиллалаа.