Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Амь тавьж буй АН Ардын намынханд уриа, лоозонгоо хүртэл алдчихлаа


Ардчилсан нам “Ах” намдаа мад тавиуллаа. Тэртээх 30 жилийн өмнө Хонхны дуугаар ард түмнийг сэрээж, Олон улсын хүний эрхийн өдрөөр Залуучуудын соёлын төвийн урд уран бүтээлчид голдуу 300 гаруй хүн цугларч, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн дээдлэхийг  уриа лоозонгоо болгосноор Монгол Улсад тайван замаар ардчиллын түүхийг эхлүүлж байв.
 
Ийн 1992 оны Үндсэн хуульдаа “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн зарлан тунхагласан нь учиртай.  
30 ЖИЛИЙН ДАРАА АН-ЫН ҮНЭТ ЗҮЙЛ МАН-Д ШИЛЖИВ 
       Тэртээх  30 жилийн өмнө дүрэлзсэн хүсэл, мөрөөдөлтэй хэсэг залуус Монголчуудыг ийн эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж,   өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг бүтээсэн. Харин тэд 30 жилийн дараа энэ байр сууриа “Ах” намынхандаа тавьж өгөөд, өөрсдөө улс төрийн давцангаас бүр мөсөн бууж байгаа бололтой. Цагтаа төрийн эрхийг барьж, Ардын намын өөдөөс арсалдаж байсан Ардчилсан нам ийн цагаа тугаа өргөөд улс төрөөс зодог тайлах дээрээ тулаад байна.
 
    Саяхан л хүний эрх, шударга үнэнийг уриа лоозонгоо болгож байсан тэд өнөөдөр олон нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж, ард түмний  дуу хоолой болох нь битгий хэл нам дотроо толхилцож, эв зүгээ олохгүй явсаар намынхаа хүчийг тарамдаж орхилоо. Хоёр дарга, хоёр тамгатай болчихсон Ардчилсан намынхныг захын хүн шоолж, доог тохуу хийж байхад Ардын намынхан байр сууриа улам бүр баталгаажуулж, төрийн эрхэнд дураараа дургиж байгаа нь нууц биш юм. 
     Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан эрх мэдэл, албан тушаалын төлөө өнгөрсөн 30 жилийн түүхээ, ор тас үгүй хийж, намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг тэр чигт нь худалдчихсан бололтой. Нам доторх дайсагнал, “хонзон” тэднийг улс төрийн сөрөг хүчин гэдэг том орон зайгаас арчин хаялаа.
 
      Харин Ардчилсан намыг хагалган бутаргаж, дахин сэхэхэд ч хүндхэн байдалд хүргэсэн Ардын намынхан сөрөг хүчнийхээ уриаг өөрсдийнхөө лоозон болгоод ард түмний ивээлд багтах бодлогодоо шуурхайлан оров. Тодруулбал, өнгөрсөн хоёр хоногт эрх баригч намынхан Их хурлаа хуралдуулж, намын даргаа жинхэлсэн. Ингэхдээ тэд намынхаа хэтийн зорилго, цаашдын ирээдүйн талаар томоохон бодлого боловсруулан ойрын 20-30 жил төрийн эрхийг дангаараа  барих санаа агуулж байгаагаа илэрхийлэв.
 
30 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЧУУД АРДЧИЛАЛ ГЭХ ҮГЭНД, НЭГДЭЖ ЧАДСАН УЧИР ТЭД АРД ТҮМНИЙГ ӨӨРСДИЙН ТАЛД УРВУУЛАХ САНААГАА ИЙН ТОМЬЁОЛОВ БОЛОЛТОЙ 
        Угтаа бол Засгийн газраас Их хуралд танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлого гэх хэтийн төлөвлөгөө нь Монгол Улсыг 20 жилийн хугацаанд хөгжүүлэх томоохон зорилт болжээ. Үүний тулд тэд тогтвортой засаглалыг бий болгож, төрийн эрхийг удаан барих ёстой гэдгээ намын гишүүд нь илтгэл болгондоо танилцуулж байгаа харагдана лээ. 
     Цаад агуулгаараа эрх баригч намынхан ард түмэнд хамгийн их үгүйлэгдэж, хүлээж байгаа хүний эрх, шударга ёс зэргийг уриагаа болгон зарлан тунхаглаж, ард түмэнд тал засаж эхэллээ. Яг 30 жилийн өмнө монголчууд энэ үгэнд, энэ агуулгад нэгдэж чадсан учир тэд ард түмнийг өөрсдийн талд урвуулах санаагаа ийн томьёолов бололтой. 
 
         Ямар сайндаа л Ардын намынхан илтгэл болгондоо “Ардчилал, хүний эрх, шударга ёс” гэх үгсийг чихэнд хоногштол давтаж харагдана билээ. МАН-ын гал тогоог барьж, гол зохион байгуулалтыг нь хариуцаж байгаа тус намын генсек Д.Амарбаясгалан “Намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, МАН-ын үнэт зүйлийг сэвтээж буй, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх. МАН дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёлыг хэвшүүлнэ. Улс төрийн нам ардчилсан тогтолцооны гол институц болохын хувьд хариуцлагын зарчимд суурилах ёстой. МАН нээлттэй, ил тод нам байх чиглэлд хийж буй суурь үзэл баримтална” гэхчлэнгээр өөрсдийгөө Ардчиллын дуу хоолой хэмээн тунхаглав. 
     Үндсэндээ МАН-ын өнгөрсөн таван жилд Ардчилсан намыг улс төрийн тоглоомоос бүр мөсөн гарах кампанит ажлаа үе шаттай, нарийн зохион байгуулалттай хийж байжээ. Ардчилсан намд юу л байна түүнийг нь тайлж аваад хоосон хөөж гаргах төлөвлөгөө нь ийн биеллээ олж байх шиг. Харин МАН өнгөрсөнтэйгөө тэмцэлдэж, бодлого, үзэл баримтлалынхаа эсрэг зогсож эхэлсэн нь илэрхий ойлгогдож байгаа биз ээ. Гагцхүү яагаад өнгөрснөө үгүйсгэж, эрс өөрчлөгдөөд эхлэв гэдэг нь анхаарал татах асуудал мөнөөс мөн болоод байна.

https://ergelt.mn/news/44/single/16031
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ