Өнгөрсөн мягмар гарагийн Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Брокерын компаниар дансаа нээлгэсэн хүмүүс түүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. Үлдсэн хүмүүс “И-баримтынхаа дансаар дамжуулаад мөнгийг нь өгөхөөр зохицуулалт хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй гэдгийг хэлье” гэв. Үүний дараа олон нийтийн зүгээс цахим орчинд бараг дайн болов. Редакцийн утас ч улайсмаар дуудлага ирэв.
“Зүүлгэр ч юм уу үүлгэрч юм уу энэ эрхэмд сайдын суудал ахадсан нь ёстой л алхам тутамд харагдаж байна”, "Улстөрд анх орж ирэхдээ л мөнгө тараасан өгсөн, авсан гэх зэрэг асуудалтай, хэлтэй амтай орж ирсэн шигээ өнөөдөр ч хэл амны бай болсоор л явах юм” гэсэн өнгө аястай постууд хөвөрч байв.
Мөн нэлээд бачимдуу нэгэн бичсэн болов уу гэмээр “Сангийн сайд аа. Брокерын компанид дансаа нээлгэж амжихгүй л явна. Засгийн газрын тэргүүн чинь эхлээд дуугарах ёстой байтал сүүлийн үед болсон болоогүй мэдээлэл өөрийн чинь амнаас гарч, ядарч, туйлдаж байгаа ард олонд дарамт учруулж, сэтгэл санааг нь чилээж байна. Өнөөдөр миний эцэг 80 настай хөгшин “И-баримт”-д бүртгэлгүй, ашигладаггүй за юу. Ногдол ашиг өгөх болоогүй байхад бид данс нээлгэх эрхтэй шүү. Чи харин хүмүүсийг ингэж пайнагтуулж байгаад жаахан юм цохьчих гээд байгаа юм шиг ойлгогдож байна шүү. Сангийн сайд ийм салбагануур байж болдоггүй юм.” гэх зэргээр бичсэн байв.
Нээрээ л “И-баримтад бүртгэлтэй хэрнээ 2-3 жил баримтаа ч бүртгүүлж чадахгүй буцаан олголт ч авч чадаагүй олон иргэд байдаг юм билээ. Тэд “Таны бүртгүүлсэн утасны дугаар буруу байна”, “Таны и-мэйл хаяг бүртгэлгүй байна” гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл “И-баримт”-тай "найзлаагүй". Ийм тохиолдолд иргэн брокерын компаниар дансаа нээлгэж ногдол ашгаа авах нь мэдээж.
Уг нь иргэдийг гэрээсээ гарахгүй банкин дээр бөөгнөрөл үүсгэхгүй байх ямар бололцоо байгааг судалж байгаа бөгөөд техникийн бүх боломжийг хайж хэд хэдэн хувилбар дэвшүүлээд байгаа ч одоогоор шийдчихсэн зүйл байхгүй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн.
Байдал ийм байхад түрүүлж буруу зөрүү дуугарч нийгмийг бухимдуулаад юу хийх вэ. Төрийн том алба хашиж байгаа хүний үг, баттай ноттой, цөөн, даацтай, үнэн байх хэрэгтэй. Тиймээс сайд аа, сайтар бод тэгээд шийдвэр гарсны дараа зөв дуугарч байсан нь хол дээр шүү.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn