Аймгийн Авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Азгариг өөрийн бүтээлч сэтгэхүй, ур чадвараараа спорт уралдааны машин зохион бүтээжээ.Удахгүй болох улсын уралдаанд өөрийн угсарсан автомашинаараа оролцох гэнэ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Өөрийн бүтээсэн машинаа танилцуулахгүй юу. Аль загварын, ямар зориулалтын машин бэ, хэр хугацаанд бүтээв?
Авто спортын уралдаанд оролцох зорилгоор машинаа бүтээсэн. Ерөнхий төрх нь Сузуки сантана гэх машины загвараар хийгдсэн ч доторх эд ангиудыг янз янзын машинаас сэлбэж тохируулж угсарсан. О.Азжаргал гээд төрсөн ахтайгаа хоёулаа яг гардаж хийсэн. Мөн ар гэр, авто спортын холбооныхон, найз нөхдийнхөө дэмжлэгээр хоёр жил орчмын хугацаанд бүрэн угсарч дуусгалаа. 2020 оны Нэгдүгээр сард эхлээд 2021 оны Наймдугаар сард дуусч байна. Дунд нь гурав орчим сар завсарласан.
Анхны уралдаандаа аймгаа төлөөлж оролцохоор бэлтгэл хангаж байгаа гэсэн. Ямар уралдаанд оролцох вэ?
Улсын хэмжээний “Зэрлэг 4х4 – 2021” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Хамгийн чансаа өндөртэй, жилд нэг удаа зохиогддог тэмцээн. Монголд жилд дунджаар таван тэмцээн болдог. Тэр бүгдэд оролцох бодолтой байгаа.
Шүдний эмч мэргэжилтэй хэрнээ тэс өөр зүйлд мэдлэг, чадвараа зориулж байгаа нь сонирхолтой юм. Машин техник өөрийн чинь хобби юу?
Аав маань тээврийн жолооч хүн л дээ. Хар багаасаа аавтайгаа хамт техник оролдож өссөн болохоор тэрэндээ дуртай. Тэгээд шинэ машин угсарч бүтээхээр шийдэж эхлүүлсэн. Нэгэнт зорьсон болохоор багагүй цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, мөнгө төгрөг зарцуулж байж ард нь гарлаа.
Хэр их зардал гарав?
Эд ангиудыг нэг бүрчлэн тооцож дүнг нь гаргасангүй. Багцаагаар 50 орчим сая төгрөг болсон.
Мэдээж, уралдаанд оролцоход аюулгүй байдлыг бүрэн хангасан байх. Бат бөх чанарыг нь онцолж хэлэхгүй юу?
Олон Улсын стандартын дагуу хамгаалалтын бүснээс эхлээд бүх зүйлийг тооцож, бүртгэж хийсэн. Орос ч юмуу, Зүүн Өмнөд Ази руу гараад уралдахад хүлээн зөвшөөрөгдөхүйц, аюулгүй байдлаа хангасан техник гэж хэлж болно. Нэгэнт хамаг цаг зав, хүч хөдөлмөрөө зориулж байгаа учраас машин шиг машин л бүтээх хэрэгтэй гэж бодсон.
Аймгийн удирдлагууд зохион бүтээсэн машинтай нь танилцаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Баяр хүргэж, амжилт хүссэн хүмүүс олон байгаа байх?
Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаа. Аймагтаа анх удаа машин зохион бүтээгээд улсын чанартай авто спортын тэмцээнд мөн анх удаа оролцож байгаа учраас аймгийн удирдлагууд халуун дотноор хүлээн авч дэмжинэ гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга А.Ишдорж тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд баяртай байна. Бидэнд идэвх санаачилга гаргаад шинэ зүйлийг бүтээж, түүгээрээ уралдаан, тэмцээнд оролцоход төсөв мөнгө маш их хэрэгтэй байдаг. Миний хувьд гэхэд л энэ машиныг босгохын тулд 18 сар ямар ч ажил хийж орлого ололгүйгээр бүх анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Маш гоё санал санаачилгатай, техник сэтгэлгээтэй залуус төсөв мөнгөнөөс болоод хөдөлж чаддаггүй.
Авто машин сонирхогчдоос машиныг нь худалдаж авья гэвэл өгөхүү?
Одоохондоо тийм бодол алга. Хоёр жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж хэдэн уралдаанд оролцоно. Одоохондоо тэр талаар бодсонгүй зарим хүмүүс Уралдааны машин угсарч унаж байгаад зардаг, дахиад шинийг хийдэг хүмүүс байдаг юм билээ. Миний хувьд одоогоор энэ тухай бодоогүй. Магадгүй, санал ирвэл тухайн цаг үеийн байдлаасаа шалтгаалан шийдвэр гаргах байх.
Баярлалаа. Уралдаанд нь амжилт хүсье.