Тус аймгийн төвд байрлах "Генералуудын талбай"-г засварлаж дуусжээ.
-Завхан аймгаас төрсөн генерал цолтноо алдаршуулах, ирээдүй хойч үедээ тэдний дүр төрх, намтар түүх, гавьяаг өвлүүлэн үлдээх зорилготой байгуулсан тус талбайг сүүлийн дөрвөн жил засварлаж шинэчлээгүй ажээ. Харин энэ жил аймгийн хууль сахиулах зургаан байгууллага хамтран тохижуулж, шинэчлэн байгуулах ажлыг 218 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр засварлаж шинэчлээд байна. Талбай шинэчлэх, засварлах барилгын ажлыг Улиастай цэргийн хүрээнийхээ алба хаагчдынхаа хүчээр засварлаж дуусгажээ. Генералуудын талбайн хойморт Завхан нутгаас төрөн гарсан 25 генерал цолтны гэрэл зураг, намтар, хууль сахиулах байгууллагуудын лого бүхий гантиг чулуун хүндэтгэлийн самбарыг байршуулжээ. Талбайг шинэчлэх ажлыг сарын хугацаанд засварлаж дуусгалаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Генералуудын талбайг шинэчилсэн нь аймгийн төвд өнгө нэмжээ
Завхан аймгийн төв, Улиастай хотод өнгө нэмсэн талбай байгуулагдсан нь Зэвсэгт хүчний түүхэн жилд генералуудын талбайг шинэчилж засварласан байгууламж байв. Тус аймаг Монголдоо хамгийн олон буюу 25 генералтай.Эдгээр генералуудын намтар түүхийг гэрэл зургийн хамт мөнхжүүлж, олон нийт, хүүхэд залуучуудад танилцуулсан нь тус аймгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын томоохон бүтээн байгуулалт боллоо.
Дээрх генералуудын алдар, гавьяаг алдаршуулах, залуу хойч үедээ сурталчлан таниулах нь бидний үүрэг юм. Тиймээс Завхан аймаг генералуудын хүндэтгэлийн талбайг өөрсдийн хүчээр засварлах, тохижуулах ажлыг улсын төсвөөс бус, өөрсдийн нөөц боломж, хандив дэмжлэгээр бүтээгээд байна. Мөн 2021 он бол Зэвсэгт хүчний хувьд түүхэн жил. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож байна. Түүний зэрэгцээ артиллерийн цэрэг үүсгэн байгуулсны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой тус тус тохиож байна. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас нэмж мэдээлэв.