Ховд аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги энэ сарын 21-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 11 хүүхдийн тоглоомын талбай орчимд эргүүл хийжээ.
Энэ үеэр мэргэжилтнүүд тоглоомын талбайн эзэмшил, ашиглалтад хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.
Улмаар дөрвөн тоглоомын талбайд байсан 12 хүүхдэд зөвлөгөө өгч, гэртээ байх шаардлага тавьсан. Бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй, өсвөр насныхан амны хаалт зүүгээгүй тоглож байв.
Мөн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ хийгээгүй, архины шил, хуванцар сав, тамхины иш зэрэг хог хаягдал их байна. Түүнчлэн зарим тоглоомууд эвдэрч хэмхэрсэн нь эрсдэлтэй байгаа тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай аж.
Өөрөөр хэлбэл, 11 тоглоомын талбайн ашиглалтыг хариуцан ажилладаг газруудыг тодруулах, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, засч сайжруулах, зарим тоглоомын талбайг яаралтай буулгах ажлыг эхлүүлж, Хүүхдийн эрхийн Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, талбайнуудыг битүүмжлэх ажлыг эхлэхээр салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.
Монгол Улс 2019 онд хүүхдийн тоглоомын талбайн стандарттай болж, хэрэгжүүлж байгаа. Тус стандарт шаардлагад нийцэх тоглоомын талбай Ховд аймагт “Хүүхдийн парк”-аас өөр байхгүй аж.
Иймээс салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдалд дүгнэлт хийж, Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст зөвлөмж өгч, шинээр барих тоглоомын талбайг стандарт шаардлагад нийцүүлэн зураг төсөв хийх, гүйцэтгэлд хяналт тавихад хамтран ажиллаж байгаа юм.
Хүүхдийн тоглох орчин хамгийн аюулгүй, ээлтэй байж, эрүүл ахуйн стандартыг сахих ёстой. Гэтэл аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 11 тоглоомын талбайн гэрэлтүүлгийг хагалж, сагсны шийдийг хугалж авсан байдал нь зарим иргэдийн буруу үйлдэл болохыг харуулж буй.
Мөн тоглоомын талбай орчимд хүүхэд гэмтэх, бэртэх эрсдэл бүхий хурц үзүүртэй төмөр хашаа хайс, тоглоом, цахилгааны шонгийн мод, тогтой утас газраар хөглөрч байгаа нь аюултай гэж Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиас мэдээллээ.