Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор аймгийн төвийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж махны нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд Өлгий хотын иргэдийн 2022 оны хаврын хэрэгцээнд зориулж 295,6 тонн нөөцийн мах бэлтгэхээр болжээ.
Ингэхдээ аймгийн төвийн жишсэн хүн амын тоог 27399 гэж тогтоосон бөгөөд нэг хоногийн махны хэрэгцээ 3,3 тонн гэж үзсэн байна. Харин дээрх 295,6 тонн мах нь 3 сарын хэрэгцээг хангана гэж тооцоолжээ.
«Засгийн газрын тогтоолыг үндэслэн нөөцийн мах бэлтгэх шийдвэрийг аймгийн Засаг даргын захирамжаар гаргасан. Гэхдээ мах бэлтгэхэд зориулж салбарын яамнаас санхүүжилт олгохгүй. Санхүүжилтийг 2015 оноос зогсоосон. ХХААЯ-наас гадаадад мах экспортлох аж ахуйн нэгжүүдийг жил бүр сонгон шалгаруулж, зөвшөөрөл олгодог. Тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн манай компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, нийт бэлтгэсэн махны 10 хувийг нөөцийн махны зориулалтаар хадгалах замаар дээрх асуудлыг шийднэ» гэдгийг албаны эх сурвалж хэллээ.