Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үзэсгэлэнт газруудаа эзэнтэй болгоё


Хоёр жил шахам “унтаа” байдалд байсан аялал жуулчлалын салбар наадмын амралтаар “амь оров”. Иргэд ч урт хугацааны хөл хорионоос чөлөөлөгдөж Монголын үзэсгэлэнт газруудаар цугларч бохирдол үүсгэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.  Жил бүр соёлтой, хариуцлагатай аялах уриалга нийгмийн сүлжээгээр цацагддаг ч төдийлөн биеллээ олдоггүй. Дотоодын жуулчид гол төлөв гэр бүл, найз нөхдийн хүрээнд амралтын газарт амрахаас илүү гол нуурын эрэг, уул, хөндийн аманд байгальд майхан барьж хоноглодог. Аялагчдын зорин очиж буй газарт амрах цэгийг зөв зохион байгуулах олон асуудал шийдэгдээгүй, иргэд ч зөв аялах дадал суугаагүй байгаа нь гол асуудал болоод байна. Жишээлбэл, энэ жил Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Баян-Өлгий, Увс аймгийн үзэсгэлэнт газрууд жуулчдын хөлд дарагдав. Гэвч үзэсгэлэнт газруудын ойр хавь хогийн цэг болж, хаа сайгүй “баавгай”-гаар дүүрсэн дүр зураг цахим орчинд тархаад байна. Дотоодын аялагчдын ухамсарт найдаж энэ хэвээр байвал Монгол орны үзэсгэлэнт газрууд унаган төрхөө алдаж экосистем доройтох асуудал үүсэж болзошгүй юм. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ үзэсгэлэнт газруудаа хамгаалахын тулд салбарын яам жуулчдын зорин очдог газруудыг эзэнтэй болгох шаардлагатай байна.
 
Австрали улсад зам дагуу амрах цэгийг тусгайлан бэлтгэдэг 
Австралид жуулчдад зориулсан зам дагуу rest area буюу амарч, майханд хоноглох газрыг цогцоор нь шийдсэн байдаг. Энэ нь зам дагуу хоёроос гурван цаг тутамд тааралдана. Жуулчид хоноглох газартаа урьдчилан захиалга өгч төлбөрөө төлснөөр захиалсан газартаа майхан барьж хонох боломжтой.
Амрах цэгт жуулчдад шаардлагатай майхан барих хэсэг, нийтийн ариун цэврийн өрөө, хог хаях тусгай цэг, ил гал түлэх хэсгийг хүртэл шийдсэн байдаг аж. Ийм амрах цэгүүдийг ихэвчлэн аялал жуулчлалын компаниуд хариуцан ажиллуулдаг бол дархан цаазат, байгалийн үзэсгэлэнт газруудын амрах цэгийг төрөөс хариуцдаг. Хэрэв жуулчид байгальд дураараа хоноглож хог хаявал өндөр хэмжээний торгууль төлдөг. Энэ мэтээр олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлж тулгамдаж буй олон асуудлаа шийдэх боломж бидэнд байна.
 
Байгаль нуурын эргээс 500 метр дотор ил гал түлэхийг хориглодог 
Наадмын амралтаар дотоодын жуулчдын хөлд хамгийн их дарагдсан газруудын нэг бол Архангай аймгийн Өгий нуур юм. Өгий нуурын эргээс алхмын төдий зайд жуулчид майхан, машинаа эгнүүлэн тавьж хөрсөн дээл ил гал түлэв. Гэтэл оросууд төдийгүй монголчуудын олноор зорин очдог Байгаль далайн эргээс 500 метр дотор майхан барьж гал түлэхийг хориглодог. Хэрэв гал түлж, майхан барьвал 5000 рублийн торгууль төлдөг байна.
Төр, засаг дотоодын аялагчдынхаа энэ мэт олон асуудлыг шийдээгүй байж гадаадын 400 сая жуулчин хүлээж авах нь хийсвэр төсөөлөл юм. Нэг жуулчин хүлээж авахад ойролцоогоор 20 ажлын байр шаардлагатай байдаг. Учир нь манай улсын аялал жуулчлалын хүний нөөц хаана нь ч хүрэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан.
 
 
 
Дэлхийд аялал жуулчлалын салбараараа тэргүүлэгч Франц улс ачаалалтай үедээ жилд 89 сая жуулчин авдаг байхад гурван сая хүн амтай манай улс яаж 400 сая жуулчин хүлээж авах вэ. Тоонд биш чанарт анхаарч дотоодын жуулчдын аяллын боловсролыг дэмжих хэрэгтэй байна.
 
 
 
ЭКСПЕРТИЙН ҮГ 
 
Н.Гантуяа \МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш, доктор\: МЕНЕЖМЕНТИЙН ҮР ДҮНГИЙН УЯЛДАА ХОЛБООНД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ 
-Аялал жуулчлалын менежментийн төлөвлөлт бол олон үе шаттай ажил. Салбарын яам судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж менежментийн төлөвлөлтийг шинээр хийж асуудлыг тодорхойлж, хийгдэх ажлуудыг төлөвлөдөг. Гэсэн хэдий ч хамгийн гол үе шат болох бодит байдал дээр хэрэгжүүлэх, эргээд үр дүнг тайлагнах тал дээр дутмаг.
 
 
 
Аялал жуулчлалын менежментийн хамгийн чухал нь гарсан үр дүнг олон нийтэд ойлгуулах, сурталчлах байдаг. Аялал жуулчлалын бүс нутгийн иргэдэд гарах үр дүнг танилцуулснаар орон нутгаас Улаанбаатарт шилжих шилжилтийг ч сааруулах боломжтой.
 
 
Б.Алтанхуяг \ШУТИС-ийн аялал жуулчлалын багш\: БАЙГАЛИЙН НӨӨЦ, ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫГ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ 
-Хамгийн чухал нь тусгай хамгаалалттай газар, байгалийн нөөц, цогцолборт газруудыг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй. Энэ нь төрөөс хамааралгүй төрийн бус, идэвхтэн байгаль хамгаалагчид байх нь илүү үр дүнтэй. Хамтын нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдад улсаас тодорхой урамшуулал өгч хариуцуулснаар зарим асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Тэнд байгалийн үзэсгэлэнт газар руу ороход нь төлбөр авч хогийн уут өгч, хоноглох газрыг тодорхой зааж, ариун цэврийн болон хогийн цэгийг шийдэж өгвөл зүйтэй.
 
 
Б.БямбажаргалЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ