Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн Сүмийн булан гэдэг газар энэ сарын 4-нд тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрайл” загварын суудлын автомашинтай сураггүй болж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тэднийг Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй хэмээн долдугаар сарын 9-нд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийн хүмүүс арав хоногийн хугацаанд эрэн хайсан ч олоогүй байна. Түр хугацаанд зогсоогоод байсан эрлийн ажлыг 19-нд үргэлжлүүлж, нийт 12 хоног тухайн иргэдийг олоогүй тул эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад:
ЗУГААЛЖ БАЙСАН ЭХНЭР, НӨХӨР ХОЁР АВТОМАШИНТАЙГАА СЭЛЭНГЭ МӨРӨНД ОСОЛДСОН
-Бидэнд байгаа мэдээллээр Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т долдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байсан. Тэдгээр иргэдээс хоёр хүн нь Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 09-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч, тус газарт 17:30 цагт очсон. Тэгээд мэдээллийн дагуу эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан байгаа. Сэлэнгэ аймгийн харьяат 58 настай Д гэх эрэгтэй, эхнэр Н гэх 50 настай хоёр иргэнийг нийт 12 хоног эрэн хайсан.
ОЛОН ХОНОГ ӨНГӨРСӨН Ч ЦОГЦОС ОЛДОХГҮЙ БАЙГАА УЧИР ЭРЛИЙГ ЗОГСООСОН
-Тухайлбал, долдугаар сарын 16-ны өдрийн 06-20 цаг хүртэл 50 настай иргэн Н гэх эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн нэгдүгээр хэсэг Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул хүртэл дөрвөн завиар 15 км-т дөрвөн удаа, нийт 240 км-т, хоёрдугаар хэсэг Сүмийн булан гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 50 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Эрлийн багийнхан дөрвөн хэсэгт хуваагдаж, тус сумын Сүмийн булан хэмээх газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан. Харамсалтай нь тус хайх ажиллагааг олон хоног үргэлжлүүлсэн ч үр дүнд хүрээгүй учир гэр бүлтэй нь зөвшилцөж эрлийг зогсоосон байгаа.
Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газар авран хайх ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулсан ч цаг агаарын байдлаас хамаарч гол мөрөн их үерлэсэн учир үр дүнд хүрээгүйг албаныхан хэлсэн юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир өврийн Заг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна. Харин Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-30 см даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 35 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.