Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2021.07.06) Замын-Үүд суманд ажиллаж байна.
Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын ахлах мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын алба хаагчид багтжээ.
Замын-Үүд боомтод иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа бөөгнөрч, хүндрэл үүсгэж буй асуудал нь зарим албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтай холбоотой байж магадгүй нөхцөл байдал үүсжээ.
Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан гэж үзэн, дараах албан тушаалтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй түр саатуулан, мэдүүлэг авч эхлээд байна.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхэд түүний ажлыг хариуцуулжээ.
- Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүний оронд нь В.Намхайнямбууг түр томилов.
- Хилийн 0108-р ангийн Авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшигийг мөн чөлөөлөв.
- АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, түүний ажлыг Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарт түр хариуцуулав.
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүний ажлыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд хамтатган хариуцуулав.
- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч н.Уранбаярыг чөлөөлөв. Түүний оронд ажиллах хүн тодорхойгүй байна.
Түүнчлэн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.