Чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Дамирангийн Баттулгатай ярилцлаа. Тэрбээр ирэх 11-р сард Улаанбаатар хотноо бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн ба өнгөрсөн хугацаанд 200 мянга орчим файл хэлбэрийн гэрэл зургийн архивтай болжээ.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 2003 онд Ховд их сургуулийн газарзүйн ангийг төгссөн. Тухайн үед ажлын орон тоо гараагүй тул Ерөнхий боловсролын тавдугаар сургуульд Нийгмийн ажилтнаар ажилласан. 2005 оноос хойш Улаангом Политехник коллежид энэ мэргэжлээрээ ажиллаж байна. 2011-2013 онд МУБИС-д магистрын зэрэг хамгаалсан. Ажлаас гадуур хоббигоороо өндөр уулын спорт, явган аялал, марафон гүйлтээр хичээллэхээс гадна байгаль, өв соёлын гэрэл зураг сонирхдог. Гэрэл зургийн сонирхолоо мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж байна.
-Ер нь байгалийн гэрэл зураг авах сэдэл яаж төрсөн бэ?
-Их сургуулийн Газарзүйн ангид суралцаж байхдаа байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, дадлага хийдэг байсан. Тэр үед жижигхэн дижитал камер хэрэглээнд гарч байлаа. Дадлагын үеэр өөрийн хэмжээнд зураг дардаг байсан ч ач холбогдол өгөлгүй орхичихсон. Харин 2008 оноос өндөр уулын спортод хөл тавьсан. Уулын оргил болон тухайн орчинд нь очсон хүн байгалийн сайхныг нүдээр үзээд орхих нь харамсалтай санагдсан. Тэр гайхалтай мэдрэмж, зураглалыг гэрэл зурганд буулгаж, баримтжуулах ёстой гэдгийг ойлгосон байдаг. Хамгийн гол нь бусад хүмүүст хүртээл болгохыг хүссэн. Олон жил сонирхогчийн журмаар явсан. Аяндаа урамшаад 2013 оноос гэрэл зурагт илүү татагдсан. Ялангуяа Увс аймгийн байгаль бол гайхамшигтай, бахархам нутаг. Бид онгон дагшин байгалийнхаа үзэсгэлэн, унаган төрхийг нь ярьдаг ч нүдээр үзээгүй үзэсгэлэнт газрууд олон бий. Тэдгээрийг зорьж очоод хүссэн кадраа буулгаад буцах сайхан байдаг. Анх жижигхэн дижитал камераар замбараагүй дардаг байлаа. Харин мэргэжлийн камертай болсоноор аливаа зургийг өнцгийг нь олоод утга, агуулгатай авахыг хичээдэг болсон.
-Зураг бүр нарийн мэдрэмж шаардсан харагддаг. Гэрэл зургийн тухай ойлголт, ур чадварыг хэрхэн эзэмшив?
-Мэргэжлийн гэрэл зургийн талаарх онолын үндэс, ойлголтыг сошиал хэрэглүүрийг ашиглан бие даан судалсан. Зааж зөвлөсөн багш байхгүй. Өөрийн сонирхол хоббигоо дагаж, чөлөөт уран бүтээлчээр ажилладаг. Landscape Photography буюу байгалийн зургаар төрөлжиж зураг дардаг. Байгалийн зураг дотроо хөрвөөд зэрлэг байгалийн төрөлд татагдах болсон. Дэлхий дээр байгаа нүүдлийн соёл, иргэншил жинхэнэ утгаараа Монголд бий. Баруун Монгол дотроо Ховд, Увс аймагт нүүдэлчин ахуй, соёл тод томруун хадгалагдаж байна. Тухайлбал Хархираан уулсаас Увс нуур, Увс нуураас Хархираа Түргэний уулс руу чиглэсэн нүүдэлчдийн урсгал бий. Жил ирэх тусам нүүдэлчин ардын тэмээгээр нүүдэг байсан өв, соёл мартагдаж байх шиг. Тэгвэл энэ ахуй соёлыг баримтжуулах, олон нийтэд сурталчлахын тулд баримтат өв, соёлын гэрэл зургийг авч эхэлсэн. Энэ чиглээр илүү өргөн хүрээтэй ажиллана гэж боддог.
-Цаг үеийг мэдэрч хүссэн зургаа буулгах мэдрэмж ямар байдаг вэ?
-Байгалийн зургийг гэрэл, сүүдрийн тохироо таарсан агшинд авах сайхан. Зурагчин хүн бусдын олж хараагүйг түрүүлж мэдрэх нь чухал байдаг. 2019 онд буулгасан нэг зураг маань монголын хандалттай зургийн нэг болж байлаа. Тухайн оны өвөл 12 дугаар сард Хар тэрмисийн баазад очсон. Хяргас нуур хөлдөх үед усны уур агаарт дэгдэж, үүл болоод буцаад хур тунадас болж буй ховор агшинг алдахгүйгээр буулгаж авсандаа баярладаг. Дахин байгаль, дэлхийн ховор тохиол, агшинг буулгах шунал төрдөг юм байна лээ. Сүүлийн үед нүүдлийн ахуй, соёлын холбогдолтой гэрэл зургийг хүмүүс ихээр сонирхож байна. Малд ойр, байгальтайгаа харьцаж буй нүүдлийн амьдралын аж байдлыг харагдуулах гэрэл зураг хүний бага нас, өвөө эмээг нь санагдуулдаг. 2018 оны хавар уул руу алхаад ирж явахдаа тэмээн нүүдэлтэй таарсан. Нүүдлийн айлын ах, дүү хоёрын зураглал анхаарал татаж байж билээ. Тэр үед гялс аппаратаа авч ирээд зургийг нь өгүүлэмжтэйгээр буулгасан нь олон хүнд хүрсэн. Хүн ер нь хүсэл мөрөөдлөө дагаж дуртай зүйлээ хийж амьдрах нь чухал. Хөл хорионы үед суурин амьдралаас байгальд гарах хүсэлтэй хүмүүс олон болсон байна. Байгаль хүн хоёр хүйн холбоотой болохоор хүнийг ховсдож татдаг юм шиг ээ.
-Зурагчин хүн аялагч байхаас аргагүй шүү дээ. Аялалын маршрут өргөн байх?
-Аялал бол хүнд танин мэдэхүй болоод сэтгэлзүйн онцгой таашаал өгдөг. Аялах дургүй хүн байхгүй байх. Миний хувьд аялангаа хүссэн зургаа буулгаад явах нь амьдралын эрч хүч, урам зориг өгдөг. Увс аймгийн 19 сумыг 2 удаа тойрсон байна. Нэг удаагийн явалтаар бүх газрын зураглал авах боломжгүй. Нэг улирлын өнгө төрх, нэг өнцгөөс аваад өнгөрнө. Гэтэл 4 улирлын турш баялаг амьдрал, өнгө илэрхийллийг тухай бүрд нь буулгая гэвэл цаг хугацаа шаарддаг. Аялах, гэрэл зураг авахын тулд Монгол орныхоо баруун хязгаарыг туулсан. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан аймгууд, Баярнхонгор аймгийн зарим сумдаар явсан. Энэ жилээс төрийн тахилгат 10 хайрханы зургийг авах төлөвлөгөөтөй байгаа. Мөн сэдэвчилсэн зураг дотроо хавар, намрын тариалалт, малчдын нүүдлийн тухай зураг авах нь сонирхолтой. Одоо зуны нүүдлийн зураг авах төлөвлөгөө гаргасан. Уулчидтайгаа ярилцаад, бэлтгэлээ хангаж байна.
-Таны гэрэл зургийн архив хэчнээн зурагтай вэ? Бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах санаа бий юу?
-Архивт маань дунджаар 200 мянга орчим гэрэл зургийн файл байна. Зурагчин хүнд байх ёстой нэг чадвар бол авсан зургаа ялгадаг байх. Нэг удаагийн аялалын үеэр буулгасан 500 зургаас бүтээл болохуйц 5, 6-хан зураг шилэгддэг. 1000 орчим зургаас 1 зураг бүтээл болох үе ч бий. Нарийн шүүлтүүрээр зургаа ялгаад үнэ цэнийг нь мэдрэх ёстой. Залуучууд гэрэл зураг их сонирхдог болсон харагддаг. Харин харсан болгоныхоо зургийг дарахгүйгээр аливаа зургийг сэдэвтэй, зохиомжилсон хэлбэрээр авах нь чухал. Өөрийн гэрэл зургаа олон нийтэд хүргэхийн тулд 2 жилийн өмнө Цэнхэр тэнгэрийн орон пэйж хуудас нээн ажиллуулсан, 17 мянган дагагчтай болсон байна. Мөн уран бүтээлээ хүмүүст бодитой хүргэхийн тулд ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.
-Уулын спорт сэтгэлд хүрсэн гэрэл зураг төрөх замыг заадаг юм шиг ээ. Уулын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Уулын спорт олон төрөл байдаг. Тэр дундаа өндөр уулын спортоор хичээллээд 13 жил болсон байна. Уулын спортын мастер зэрэгтэй. Европын зарим орнуудаар явж, олон улсын уулчидтай авиралт хийж байлаа. Гадаад болон дотоодын 80 гаруй ууланд авирсан байна. Далайн түвшнээс 4000 м-ээс дээш өндөр 40 гаруй ууланд авирсан. Увс аймгийнхаа Хархираа, Түргэний уулс, Цагаан дэглий зэрэг оргилуудад давхардсан тоогоор 10 гаруй удаа гарч байсан. Жилийн 365 хоногийн талыг нь байгальд өнгөрүүлдэг гэж болно. Хийж буй ажилдаа шунан дурлахын хэрээр гэртээ байхаас илүү байгаль руу татагддаг. Амралтын өдрүүдэд тогтмол байгалиар явдаг. Мөн Монголын явган алхалтын холбооны Увс аймаг дахь салбарыг байгуулаад нэг жил болж байна. Долоо хоног бүрийн бямба гарагт Чандмань улаан уул, Улаан толгой, Увш хайрханы чиглэлд алхалт хийдэг. 2021 онд явган алхалтын нээлтийг Тариалан суманд орших Мянганы шилийн ууланд 2 талдаа 30 км-ын алхалт хийсэн. Манай холбоонд тогтмол алхалт хийдэг 21 хүн байна. Хүн бүр амьдралын зөв хэвшилтэй болвол эрүүл, аз жаргалтай амьдрах боломж бий гэж хардаг. Тэр ч утгаараа спортоор хичээллэхийг эрхэмлэдэг. Байнгын завгүй байдалд хүүхдүүд маань дасаад бие даасан. Эхнэр маань эмч мэргэжилтэй учраас бас завгүй ажилладаг.
-Аялалд гарахын өмнөх бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Аялалд гарахын өмнө судалгаа хийнэ. Хаашаа явах, ямар агуулгатай, юуны зураг авах талаар бодож, төлөвлөдөг. Камер үүрээд дуртай зүгтээ гарна гэдэг бол цаг хугацаа барсан хэрэг. Тухайлбал Хархираа, Түргэний уулсын байгалийн зураглал авах бол цаг хугацааны хувьд хэдэн сард очвол зохимжтой, өглөө, оройн зураглал авах уу гээд нарийн төлөвлөлт, төсөөлөл гаргадаг. Мөн зурагчин хүний гол хэрэгсэл бол тоног төхөөрөмж, зургийн аппарат байдаг. Би каноны аппараттай байсан одоо Nikon D600-ийн мэргэжлийн камер, дуран ашиглаж байна.
-Эргээд зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөрөө хэрхэн үнэлдэг вэ?
-Дан хобби, сонирхол хөөгөөд явж болохгүй. Эхний гурван жил гадны болон нутгийнхаа хүмүүст Увс нутгийн байгалийн сайхныг сурталчлаад явдаг байлаа. Харин одоо нийгмийн шаардлагаар иргэдээс захиалга ирдэг болсон. Гол төлөв хүмүүс төрсөн нутаг ус, уул хайрхан, үзэсгэлэнт газруудын тухай зураг авхуулах санал тавина. Өнгөрсөн хугацаанд зорилго маань уран бүтээл тал руугаа чиглэсэн учраас хэвлэлийн газартай болж амжаагүй л байна. Хүмүүсийн захиалгын дагуу Улаанбаатар хотод мэргэжлийн хэвлэлийн газарт угаалгаж, жаазлуулдаг. Ирэх жилээс жижиг студитэй болох бэлтгэлээ хангаж байна.
-Уралдаан тэмцээнд бүтээлээ сойж байв уу?
-Гэрэл зургийн чиглэлээр тодорхой уралдаан, тэмцээнд орж байсан. Амжилтууд гэвэл 2017 онд “Хөдөлмөр миний дуранд” сэдэвт НХХЯ-аас зарласан гэрэл зургийн уралдаанд 1-р байр, 2018 онд МБСБ-аас зарласан “Мэргэжил бүхэн сайхан” гэрэл зургийн уралдаанд 1-р байр, 2019 онд Худалдаа хөгжлийн банкнаас зарласан “Positive Now” Эерэг-Одоо чөлөөт сэтгэлгээний гэрэл зургийн уралдаанд 2-р байр, Иргэдийн оролцоо төслөөс зарласан “Иргэдийн оролцоо ба нээлттэй нийгэм” гэрэл зургийн уралдаанд 1-р байр, Canon Mongolia -аас зарласан “Мэргэжил” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 2-р байр, 2021 онд НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас зарласан “Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн уралдааны тусгай байрын шагнал хүртсэн. Мөн Кызыл хотноо "Цэнхэр тэнгэрийн орон" гэрэл зургийн үзэсгэлэн, "Цэнхэр тэнгэрийн орон” англи, монгол хэл дээр гэрэл зургийн цомог уран бүтээл, хамгийн сүүлд 2021 онд NEAR буюу Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны гишүүн БНСУ-ын Чэжү аралд "2021 олон улсын соёлын солилцооны гэрэл зургийн үзэсгэлэн"-д "Орчин үе ба нүүдэлчний соёл" фото зургаар оролцсон байгаа.
-Залуучуудад хандаж та юу хэлэх вэ?
-Аз жаргал гэж юу вэ? гэх асуултад ихэнх хүмүүс дуртай зүйлээ хийж, мөнгө олж байвал аз жаргал гэж хариулдаг. Наад захын асуудал гэвэл төгсөх ангийн сурагчид мэргэжлээ зөв сонгохоос эхэлнэ. Иргэдийн дунд суурин амьдрал хөгжөөд, суудаг ажил ихдээд байна. Байгальд гарах, аялахад бага цагийг зарцуулдаг. Зарим залуучууд үнэтэй машин, брэндийн хувцас өмсдөг хэрнээ аялалд мөнгө үрэх дургүй байна. Амьдрал маш богинохон учраас цаг хугацааг аз жаргалтайгаар өнгөрүүлэх, хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг байя. Дэлхийн улс орон гэхгүй амьдарч байгаа газар орноороо аялавал үзэх газар олон бий. Би Увс аймгаа 2 удаа бүтэн тойрсон хэрнээ үзээгүй газар үлдсэн, дахиад ирэх 6-р сард очоогүй газар, буулгаагүй зургаа авна, ууланд авирах хүсэлтэй байгаа. Зүгээр аялаад явах биш мэргэжлийн камертай дүйцэх гар утас хүртэл байхад гоё зургийг баримтжуулаад явах хэрэгтэй. Амьдралын дурсамж, түүх болж үлддэг юм шүү гэдгийг хэлье.
-Амжилт хүсье.