Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Дагвасүрэн: “Улсын тэргүүний сум” болох зорилт тавин ажиллаж байна

 Тэс сумын Засаг дарга С.Дагвасүрэнтэй цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

-Тэс суманд энэ жил хаваржилт хэр байна?
-Энэ жилийн хаваржилтын хувьд сумын хэмжээнд дулаан, цас багатай, малын хорогдолгүй байна. 
Хэдийгээр цар тахлын үе ч төрийн үйлчилгээг тасалдуулахгүйгээр зохион байгуулалтад орж ажиллаж байна. Тэс сумын хэмжээнд нийт төллөх хээлтэгчийн 80 гаруй хувь нь төллөсөн. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор бод малын төллөлт удаашралтай, одоогоор 25 хувьтай байна.
-Ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулаач?
-Манай суманд 2008 оноос хойш нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй хийгдсээр ирсэн. Тиймээс 2020-2024 онд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, төрөөс орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний шуурхай байдал, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж орон нутагтаа тав тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн “Улсын тэргүүний загвар сум” болох зорилт дэвшүүлэн 2024 онд тохиох сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойтойгоо золгохоор мөрийн хөтөлбөрөө батлуулан ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Орлогын бүтээн байгуулалт-Увс” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт сум орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт чиглэн хэрэгжүүлэх шаардлагатай шинэ санал санаачилга, ирээдүйгээ харсан олон ажлыг тусгасан. Тухайлбал хүрээлэн буй орчны доройтлыг буруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг иргэдийнхээ оролцоотойгоор хамтдаа хэрэгжүүлнэ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд технологи суурьтай инновацыг нэвтрүүлж, бүс нутгийн нөөц баялагт түшиглэсэн төр-хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллага, олон нийтийн оролцоот хоршооны менежментийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн өгөөж, өрхийн орлого, бүтээмж, үнэ цэн, баталгаатай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Шинэ хөдөө-Увс” төслийг сумандаа хэрэгжүүлж ажиллана.
Сумын онцлог, язгуур үнэт зүйл, өв соёл, байгаль, цаг уур, бахархал, орон нутгийн нөөц баялагт тулгуурлан үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлд сурталчилан таниулах сүлжээг бий болгох “Увс брэнд” төсөл болон орон нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах, олон улсын чанар, стандартыг нэвтрүүлсэн “Увс агро парк” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төсөл зэрэг төсөл хөтөлбөрийг сумандаа хэрэгжүүлнэ.
-Одоогоор хийж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар?
-Улсын төсвийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалын барилгыг үргэлжлүүлэн барьж байна. Мөн Таван улиас, Хар үзүүрийн бригадын их эмчийн салбарын барилгад 200 сая, аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр Улаангом-Тэс хоорондын зам засварын ажлын зураг төсөвт 80 сая, сумын төвд ундны цэвэр усны энгийн болон ухаалаг худаг гаргахад 50 сая, сумын ОНХС-гийн хөрөнгөөр халуун усны барилга, мал угаалгын ванн, 150 хүүхдийн дотуур байрны тавилга, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж нисэх дрон авах, Төв зам дагуу ногоон байгууламж, хайсан хашаа, услалтын систем хийх, айл өрхүүдэд мод тарихад дэмжлэг үзүүлэх зэрэг иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг эрэмбэлэн 21 нэр төрлийн ажлыг сумын ОНХС-гийн 350 орчим сая, нийтдээ 4 тэрбум 80 сая орчим төгрөгийн ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-Цар тахлын үед Тэсийнхэн хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?
-Цаг үеийн энэ нөхцөл байдалд Сумын шуурхай штаб, цагдаагийн тасаг, эрүүл мэндийн төв, сумын бусад төрийн байгууллага болоод төрийн албан хаагч нар байнгын эргүүл голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг гэр болон тусгаарлах байранд тусгаарлаж, Нарийний голын гүүрэнд хөдөлгөөн хянах зорилгоор 24 цагийн байнгын пост ажиллуулж байна.
-Тэс нутгийнхаа ард иргэдэд хандаад юу гэж хэлэх вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын вирусээр халдварлаж, нийт нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүндхэн цаг үед бидний ажлын уялдаа холбоо, хариуцлага, зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг барих асуудал чухлаар яригдаж байна. Титэмт вирусний цар тахал нь ердийн ханиад томуугийн тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой. Иймд иргэд та бүхэн хайнга зангаа түр орхиод сонор сэрэмжээ дээшлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Мөн Засгийн газар болон аймаг, сумаас хэрэгжүүлж байгаа шийдвэрүүдийг биелүүлж хамтдаа даван туулцгаая. Эрүүл саруул байгаа цагт бидний хийж бүтээх ажил үйлс өөдрөг, их ажлын зам дардан байх болно гэдгийг хэлье.
-Баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ