Ховд аймаг дахь Цагдаагийн газрынАхлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Болормаатай уулзаж, цаг үеийн ажил, зарим анхаарах асуудлын талаар ярилцлаа.
-Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Ховд аймагт хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан хэчнээн хяналтын цэг ажиллаж байна вэ?
-Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар байнгын хяналтын цэг (пост) 10, түр хяналтын цэг 22 байна. Мөн хамгаалалтад авсан обьект 17 байгаагийн зургаа нь тусгаарлах байр юм. Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 168 иргэн байна. Эдгээр иргэн коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зөвлөмж, журам, дүрмийг мөрдөж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдол одоогоор байхгүй.
Түүнчлэн замын хяналтын 38 цэгт цагдаа, онцгой байдал зэрэг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 168 алба хаагч гурван ээлжээр 24 цагийн хугацаанд тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна.
Мөн байнгын болон түр хяналтын цэг, зарим хязгаарлалт тогтоосон обьект, жижүүрзэрэгт цагдаагийн 124 алба хаагч, бусад төрийн байгууллагын 56 ажилтан, алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй.
-Цагдаагийн байгууллагад хэчнээн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн бэ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 10-19-ний өдрийн байдлаар нийт 54 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл байна.
Бүртгэгдсэн гомдол мэдээллийг төрлөөр нь ангилбал, зам тээврийн ослын шинжтэй нэг, гэр бүлийн хүчирхийллийн таван гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Мөн хорио цээрийн дэглэм зөрчсөн найм, Засаг даргын захирамж зөрчсөн дөрөв, “Архидан согтуурахтай тэмцэх” тухай хууль тогтоомж зөрчсөн нэг тохиолдол байна.
Мал хулгайлах, хүний биед халдах, танхайрах, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчил тус бүр нэг бүртгэгдсэн. Харин бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил 30 байна.
-Тэгвэл хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотой гарч буй нийтлэг зөрчил юу байна?
-Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосноос хойших хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гомдол мэдээлэл11.4хувиар буурсан үзүүлэлттэйбайгаа. Үүний зэрэгцээ зарим нийтлэг зөрчлүүд гарч байна. Тодруулбал, иргэд хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж баталгаат бус замаар гарал үүслийн бичиггүй олон тооны мал тээвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зарим хүнсний дэлгүүрүүд тогтоосон цагийн хуваарийг баримтлахгүй, цаг хэтрүүлэн ажиллах, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зэрэг нийтлэг зөрчил бүртгэгдэж байгаа юм. Иймээс цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд тогтмол эргүүл, хяналт шалгалт хийж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуулийн зохицуулалт бий.
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналт ямар байна вэ?
-Цагдаа,Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг мэргэжлийнанги,байгууллагын ажилтан, алба хаагчид өдөр бүр тусгай хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн зорилтот бүлэг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас цагдаагийн байгууллагад гэрээсээ төөрсөн хоёр хүүхэд ирсэн. Бид зохих журмын дагуу ажиллаж, тухайн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, заавар зөвлөмж хүргэсэн байгаа.
Өсвөр насныхан гадуур тоглоомын талбайд тоглох, тодорхой шалтгаангүйгээр гадуур зорчих, бөөгнөрөл үүсгэх асуудал сүүлийн үед харьцангуй бага болсон нь ажиглагдаж байна.
-Алба хаагчид хэрхэн эрүүл мэндээ хамгаалж, эрсдэлээс сэргийлж байгаа вэ?
-Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж буй үед ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэж яваа алба хаагчдын эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах нь хамгийн чухал. Иймээс одоогийн байдлаар цагдаагийн газрын нийт 202 алба хаагчийг вакцинд хамруулж, дархлаажуулалтыг дэмжлээ. Мөн алба хаагчдыг коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж, мэдээ мэдээллээр тогтмол хангаж байна.Бидхалдвар хамгааллын дэглэм баримталж, амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийг ашиглаж буй. Түүнчлэн алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор аарц, чанаргана зэргийг хуваарийн дагуу олгодог.
-Иргэд цаашид юунд анхаарах вэ?
-Коронавирусний халдварыг зогсооходхүн бүрийн хичээл зүтгэл, хамтын оролцоо чухал. Иймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, хариуцлагатай байхыг уриалж байна.Мөнбүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан улсын болон аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байхыг зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.