Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

 
Нийгмийн амьдралаас тусгаарлагдсан орчин, хөл хорио, халдвар авчих вий гэсэн айдас, халдвар авсан нэгнийгээ ад шоо үзэх хандлагаас үүдсэн сэтгэл гутрал дэлхий нийтийн санааг зовоож эхэллээ. Тухайлбал, COVID-19 халдвар авсан гурван хүн тутмын нэг нь  зургаан сарын туршид сэтгэл гутралд  өртөхөөс гадна мэдрэлийн системд нь өөрчлөлт орж байна гэсэн шинэ судалгааг “Lancet Psychiatry” сэтгүүл өнгөрөгч мягмар гаригт танилцуулав.  Тодруулбал, халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн 17 хувь нь түгшүүр, 14 хувь нь сэтгэл зүйн эмгэгт өртжээ. Сэтгэл зүйн бухимдал, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх нь тархи болон мэдрэлийн системийг доройтуулах шалтгаан болж байгаа гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсэн байна. Үүнээс өмнө хоёрдугаар сард Итали улсад хийсэн судалгаар халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн 30 хувь нь сэтгэл зүйн эмгэгтэй болсон гэсэн үр дүнг танилцуулсан билээ. Мөн АНУ-д 2019 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хугацаанд хийсэн судалгаагаар насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд орж байсан бол энэ оны байдлаар таван хүн тутмын нэг буюу 47 сая болж нэмэгджээ. Үүнийг ихэнх шинжээчид халдвараас үүдсэн сэтгэцийн шинэ эмгэг хэмээн тодорхойлж, тархалт нэмэгдэх тусам иргэдэд илүү их халамж, анхаарал хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
 
ЦАР ТАХЛЫН ҮЕЭР АМИА ХОРЛОЛТ ЭРС НЭМЭГДЖЭЭ
Хөл хорио, ажилгүйдэл, халдварын голомтод ажиллах, халдвар авчихвий гэсэн айдсаас улбаалан ихэнх хүнд нойргүйдэх, хоолны дуршил буурах, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэх гэсэн сөрөг шинж илэрчээ. Тиймээс COVID-19 халдварын үед иргэдийнхээ сэтгэл зүйг улс орнууд тэргүүний асуудал болгон авч үзэх боллоо. Ингэхдээ хүн амаа нас насаар ангилан авч үзжээ. Тухайлбал, залуу үеийнхэн их сургууль хааснаас үүдэн нийгмийн харилцаанаас хөндийрч, дунд сургуулийнхан эцэг эхийн анхаарал суларснаас сэтгэл гутралд орж байгаа бол ажилчид байгууллага нь хаалгаа барьж, орлого нь тасалдсанаас үүдсэн сэтгэлийн хямралд өртөж байна. Тэр дундаа хүүхэдтэй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүгээр сэтгэл зовнил, гутралд өртжээ. Мөн халдварын голомтод ажиллаж байгаа болон эмзэг бүлгийн хүмүүсийн халдвар авах эрсдэл өндөр байгаа нь тэдний сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байна. Хамгийн харамсалтай нь цар тахлаас үүдэн сүүлийн сард хүмүүсийн амиа хорлох бодол 11 хувиар нэмэгджээ. Тухайлбал, АНУ-д 2017-2018 онд дунджаар жилд 48 мянган хүн амиа хорлодог байсан бол өнгөрсөн жил 11 сая хүн амиа хорлох тухай бодсон гэсэн судалгаа гарчээ.Үүний дийлэнх хувийг нь залуу хүмүүс эзэлж байна.
Сургуулиудыг хааснаас үүдэн эцэг эхчүүд амьдралын дэглэмээ өөрчилж, цар тахлаас илүүтэйгээр хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарлаа хандуулах болов. Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлаасаа гарч эсвэл ажлын цагаа багасган гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавьж байна. Цар тахлын үеэр хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдэж, 12-17 насны 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэл түгшүүрт өртжээ. Түүнчлэн хүүхдийн хүчирхийлэл нь сэтгэл зүйн болон бие махбодын хохирлыг учруулж, ирээдүйн амьдралд нь ч толбо үлдээдэг. Үүнээс үүдэн АНУ-ын 12-17 насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаанд амиа хорлолт орж байна. Халдвар дэгдэхээс өмнө амиа хорлолт энэ насныхны нас баралтын 10 дахь шалтгаан байв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон ч зайлшгүй ажиллах ёстой эрүүл мэндийн ажилтнууд, хүнсний дэлгүүрийн худалдагчид, хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтнууд сэтгэл гутралд орох эрсдэл хамгийн өндөр байна. Тэд гэрээсээ ажиллах болон хүн хоорондын зай баримтлах боломжгүй. Тиймээс өөрөө халдвар авахаас гадна гэр бүл, ойр дотныхондоо халдвар тараах вий гэсэн айдас тэдний сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байгаа юм. Хүмүүсийн нас,эрхэлж буй ажлаас шалтгаалан сэтгэл гутрал урт болон богино хугацаагаар үргэлжилж байна. Сэтгэл судлаачдын олж тогтоосноор зургаан сараас гурван жил үргэлжлэх магадлалтай аж.
 
СЭТГЭЛ ГУТРАЛААС СЭРГИЙЛЭХ АРГА НЬ ВАКЦИНДАА ХАМРАГДАХ ЮМ 
Дэлхийн улс орнуудад вакцинжуулалт эхэлсэн нь цар тахлыг зогсоох хамгийн найдвартай арга юм. Гэвч вакцины хүртээмж, нийлүүлэлт, вакцинжуулалтын хурд, вакцины аюулгүй байдалд эргэлзэх, вакцинд хамрагдсан ч халдварын дэглэмийг үргэлжлүүлэн баримтална гэсэн олон асуудал нь ихэнх  хүний сэтгэлийн ачааг хөнгөлж чадсангүй. “Цар тахал дэгдсэн цагаас бид сэтгэл зүйн хямралтай тулгарч эхэлсэн” гэж “British Columbia” их сургуулийн сэтгэл зүйч, профессор, Стевен  Тайлор ярилаа. ДЭМБ-ын тооцоолсноор тахал дэгдэхээс өмнө нэг тэрбум хүн сэтгэл зүйн асуудалтай “тулалддаг” байжээ. Үүнээс 264 сая нь сэтгэл гутралд автаж, залуу хүмүүсийн нас баралтын хоёр дахь шалтгаан нь амиа хорлолт байв. Харин цар тахлын үеэр дэлхийн улс орны 93 хувьд нь сэтгэл зүйн асуудлыг хурцаар хөндөх болжээ. Хүн бүрт сэтгэл зүйн асуудал тулгарч байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тодотгосон байна.
Ихэнх орон хүмүүсийг бусдаас зайгаа барьж гэртээ  байхыг зөвлөж байгаа нь ганцаардлын гол шалтгаан болж байна. Амиа хорлолт ихэссэнтэй холбоотойгоор Япон улс “Ганцаардлын яам” байгууллаа. Энэ яам нь ганцаардлын шалтгааныг тодорхойлж, ганцаардлаас үүдсэн бэрхшээлийг буурууна гэдгийг Ерөнхий сайд Сүга Ёшихидэ онцлов. Англи улсад ахмад насныхны ганцаардал ихэссэнийг мэдэгдлээ. Гэр бүлийнхэн, хүүхдүүд нь тэдэн дээр зочлох боломжгүй эсвэл асран хамгаалах хүнгүй ганцаараа амьдардаг ахмадуудад ганцаардах шинж тэмдэг түгээмэл ажиглагджээ. Цар тахлаас үүдсэн сэтгэл гутралын улмаас хүмүүс айдас, ганцаардалд автаж, хүсэл зориг нь унтарч, аливаа зүйл дээр төвлөрч, шийдвэр гаргахад хүндрэл үүсч, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, нойргүйдэлт өртөж байна.
Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа талаарх муу мэдээлэл, тусгаарлалт нь таны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж байгаа мэт санагдаж байгаа бол ийм зүйлийг мэдэрч байгаа хүн нь ганцаархнаа биш гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
Гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө  холдож, тэдний хайр, халамжаар дутагдаж, ганцаардсан мэт мэдрэмж төрж байгаагаас үүдэн олон асуудалтай та тулгарч байгаа. Ийм хүнд үед сэтгэл гутралаас гарч, урам зориг, эрч хүчээ сэргээнэ гэдэг тийм амар зүйл биш. Гэхдээ өөрийн юу мэдэрч байгаа хянаж чадвал энэ бүхэн боломжтой. Шинээр сурахыг удаан хугацааны турш хүсч, зорьдог зүйл өөрт тань байдаг бол том жижгээс үл хамааран тухайн зорилго дээрээ төвлөрөөрэй. Энэ нь санааг тань зовоож байгаа сөрөг бодлуудаасаа ангижрахад тань тусална.
Сэтгэл түгшэлтээс сэргийлэхийн тулд нэн тэргүүнд олон нийтийн сүлжээ, гар утас, компьютер гэсэн хэрэгслийнхээ хэрэглээг багасгахыг зөвлөж байна. Үүний дараагаар бясалгах, эрүүл хоол хүнс идэх, тогтмол дасгал хийх, хангалттай хэмжээний нойроо авахаас гадна вакциндаа хамрагдах нь хамгийн чухал гэдгийг судлаачид тодотголоо. Мөн хөл хорионд байгаа ч олон нийтийн сүлжээ, гар утас, мэйл ашиглан бусадтай харилцахаас гадна өөртөө маш их анхаарал хандуулах нь чухал аж. Хэрэгцээгүй, олны анхаарлыг татах гэсэн сөрөг мэдээллээс хол байж, бүх зүйл утгаа алдсан мэт санагдсан үед дотны найз руугаа залгах, мандаж буй нарыг харахаас эхлээд өөрийгөө баясгах ямар нэгэн зүйл олж хийхийг олон улсын судлаач зөвлөж байна.
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ