Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ачаа тээврийн хоёр жолоочтой ойр харьцсан иргэдийг илрүүлэх тандалт үргэлжилж байна

Тус аймгийн хүнс тээврийн хоёр жолоочоос коронавирусний халдвар илэрч тусгаарлагдаад байгаа талаарх тодруулгыг ХӨСҮТ-өөс утсаар авлаа.

-“Завхан аймаг Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэрлэдэг жолооч С, Д нар одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдан дархлаа дэмжих эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь хэвийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх жолооч нар энэ сарын 14-ний өдөр Улиастай хотоос гарч, Улаанбаатар хотод 16-ны өдөр ирж, 17-нд PCR шинжилгээ өгсөн байна. Ингээд шинжилгээний хариугаа аваад Завхан аймаг руу буцна гээд 22-ын товчоон дээр хүлээж байтал хариу эерэг гарчээ. Тиймээс 19-ний орой ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Улаанбаатар хотод халдварын тархалт их байгаатай холбогдуулан хот хооронд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөнд оролцож буй жолооч нар болон иргэд заавал шинжилгээний хариугаа хүлээн авч хөдөлгөөнд оролцож байхыг дахин зөвлөж байна” гэв.

92 иргэний PCR шинжилгээний сорьцыг Ховд аймаг руу явуулжээ

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж буй жолооч нарын хавьтал болох 53 хүнээс PCR шинжилгээний сорьц авч Ховд аймаг рүү шинжилгээнд илгээжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээг авч буй талаарх тодруулгыг Онцгой байдлын газрын дарга Ө.Болдоос тодруулав.

-Завхан аймгийн нэр бүхий хоёр жолооч Улаанбаатар хотод тусгаарлагдсантай холбоотой аймагт ямар хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Манай аймгийн ачаа тээврийн жолооч С, Д нарыг Улаанбаатар хотод байх хугацаанд нь буюу 2021 оны 3-р сарын 19-ний өдөр PCR шинжилгээний хариу нь эерэг гарч ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байна. Жолооч С нь 3-р сарын 12-ны өдөр, Д нь 3-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу тээвэр хийсэн бөгөөд 3-р сарын 17-ны өдөр өгсөн PCR шинжилгээний хариугаар халдвар авсан болох нь батлагдсан.

Тиймээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас хариу арга хэмжээг маш шуурхай авч хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, дээрх жолооч нарыг Завхан аймагт байх хугацаанд харьцсан ойрын хавьтлын 53 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарлаа.

-Дээрх иргэдээс авсан шинжилгээний сорьцыг Ховд аймаг руу тээвэрлэсэн гэсэн?

-Тийм ээ. Хоёр жолоочийн ойрын хавьтлын 53 иргэнээс гадна Шилүүстэй сумаас 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө 09:30 цагийн үед Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү тээвэрлэлээ. Шинжилгээний хариуг аль болох хурдан хугацаанд гаргаж өгөх хүсэлтийг тавиад байна. PCR шинжилгээний хариу гартал дээрх 53 иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгаа. Төрийн албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.

-Ачаа тээврийн үйлчилгээ, ялангуяа хүнс тээврийн хөдөлгөөнийг хөл хорионы үеэр зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байгаа. Хяналт хэр байгаа вэ?

-Тийм ээ. Улаанбаатар хотод коронавирусний халдварын хэд хэдэн голомт хяналтгүй болсонтой холбогдуулан Завхан аймгийн нутаг дэвсгэрт халдвар зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байгаа. Гэсэн хэдий ч аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр хэвээр мөрдөгдөж байгаа.

Завхан аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зөвхөн таван тонноос дээш хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажлаар явж буй иргэдийг л нэвтрүүлнэ. Мөн хүнс тээврийн жолооч нар туслах жолоочтойгоо зорчих бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэг цэгээс түгээлт хийнэ гэж шийдвэр гарчхаад байхад манай жолооч нар маш хэнэггүй байна.

Зайлшгүй шаардлагаар нэвтрэх зөвшөөрөлтэй орж ирж буй жолооч нар болон ялангуяа буяны ажлаар ирсэн, ар гэрийн гачигдал, аав ээжээ асрахаар ирсэн иргэд маань гэрийн тусгаарлалтын журмыг огт мөрдөхгүй байгаа нь харамсалтай. Төрийн албан хаагчид өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна. Гэтэл тусгаарлалтад буй иргэд маргаан гаргах, хэл ам хийх, шаардлага тавьж буй алба хаагчдыг хэл амаар доромжлох гээд багагүй бэрхшээл дунд ажиллаж байна. Тиймээс бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг журмаа биелүүлэхийг хүсч байна.

-Жолооч нарын ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу гараагүй ч гэсэн аймгийн Шуурхай штабын хурлаар хэд хэдэн журмыг шинэчлэн баталсан гэлээ. Ямар ямар зохицуулалт хийв?

-Цаашид ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүн болон зам, гүүр, барилгын материалын гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан ачаа тээврийг хязгаарлахгүй. Мөн өмнө нь Улаанбаатараас ирсэн тээврийн жолооч нар хаа дуртай газраа ачаагаа буулгадаг байсныг зогсоож, ачаа тээврийг нэг цэгээс буюу Богдын гол багийн гүүрний хажууд байрлах бетонон хашаанаас түгээх. Өөрөөр хэлбэл нэг цэгээс түгээлт хийх бөгөөд тээвэр буулгах жолооч нар болон ачаа авах иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг онцгойлон анхааруулж байна.

Эрсдэл өндөртэй Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай гурван тохиолдлоор өдөрт 30 гаруй машин 100 орчим иргэн Завхан аймагт ирж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. Манай аймагт өнөөдөр аж ахуйн нэгжүүд, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирсэн хүнтэй хавьтал болгохгүй байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхэдтэй өрхийн гэр бүлийн гишүүн нь голомт бүхий газруудаас ирж, тухайн иргэнийг тусад нь тусгаарлах боломжгүй нөхцөлд хүүхдээ хамт тусгаарлах хэрэгтэй байна. Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирж буй иргэн бүр өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа тул долоо хоногийн гэрийн тусгаарлалтаа чанд мөрдөх хэрэгтэй. Онцгой шаардлагатай, зөвшөөрөл бичигтэй, шинжилгээний хариугаа аваад орон нутагтаа ирсэн л бол иргэн та хэн ч бай тусгаарлалтын дэглэм, журмыг чанд мөрдөхийг хүсч байна.

-Аймгийн хэмжээнд нийт хэчнээн төрийн албан хаагч бэлэн байдалд ажиллаж байгаа вэ?

-Голомт бүхий бүс нутгаасирж буй иргэд гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөхгүй байгаа нь Завхан аймагт халдвар гарах, тархах маш өндөр эрсдэлийг бий болгож байна.Өнөөдөр аймгийн хэмжээнд Их-Уул, Нөмрөг, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй суманд хяналтын цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 150 гаруй төрийн албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ЗӨСТ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Тагнуул, Нэгдсэн эмнэлэг гээд мэргэжлийн байгууллагуудын алба хаагч нар амралтгүйгээр ажиллаж байна. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, тусгаарлалтад байгаа иргэн бүр тусгаарлалтын журмыг чанд мөрдөх хэрэгтэй. Таны аав ээж, хүүхэд, найз нөхөд хамаатан садан гээд хэн ч эрсдэлтэй гэдгийг л мэргэжлийн байгууллагууд анхааруулж, сануулж байна гэдгийг дахин хэлье. Аймгийн ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ