Орост коронавирусийн Өмнөд африкийн штамм илэрсэн талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
Оросын хэрэглэгчийн хяналтын газраас хийсэн мэдээлэлд ОХУ-д Британийн хувилбарт хамаарах 28 тохиолдол, Өмнөд Африкийн штаммаар халдварласан хоёр тохиолдол бүртгэгджээ. Харин Бразилийн штаммаар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өмнөд Африкийн штаммыг Британийн хувилбараас илүү аюултай гэж биологичид үзэж байгаа ч Оросын Холбооны Улсад танадалт үргэлжилж, нөхцөл байдал хяналтад байгаа гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газар онцолжээ.
Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-ыд коронавирусийн халдварын тохиолдол 4,34 сая бүртгэгдсэнээс 3.95 нь эдгэрсэн байна. Харин энэ хугацаанд халдварын хүндрэлийн улмаас 90 558 хүн нас баржээ. ОХУ дотоодын үйлдвэрлэлийн вакцинаа ашиглан өнгөрсөн оны сүүлээс коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын аяныг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3.5 сая хүн "Спутник V" вакцины хоёр тунг хоёуланг нь тариулжээ.