Энэ жил манай улсын хилээр нийт 87 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хяналтад авч улсын хилийн автозамаар нэвтрүүлсэн талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.
Үүнээс мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хилийн автозамаар 320 тээврийн хэрэгсэл, төмөр замаар 8200 галт тэрэг, Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамаар 12500 автомашин, төмөр замаар 2700 галт тэрэг нэвтэрчээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэн нийслэл дэх гаалийн 2 бүсэд татан авчирч, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед хүн амыг хүнсээр хангах ажлыг тасалдуулахгүй зохион байгуулсныг дурдлаа.
Тодруулбал, Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсийн 2 том талбайд 1600 тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн авчирчээ. Нийтдээ импортоор 3676 тээврийн хэрэгслээр 107.307 тонн бараа бүтээгдэхүүнийг татан авч нийлүүлсэн байна.
Мөн Буянт-Ухаа дахь Чингис хааны олон улсын нисэх буудлаар өнгөрсөн хугацаанд 301 удаагийн нислэгээр 24.918 зорчигчийн 498 тонн гар тээш болон 1187 карго, 1210 транзит ачааг татан авчээ.