Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020.10.20-ны өдрөөс Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг хаах шийдвэрийг УОК-оос гаргаад байна.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Мөн цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг зөвхөн эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгөх, иргэдийг хол явахгүй байхыг анхааруулж, малчдад сэрэмжлүүлэг тараахаар болсон байна. Тус аймгийн хэмжээнд салхины хүч эрс нэмэгдэж, цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөөнөөс эхлэн Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Цаг агаарын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн байна.
Түүнчлэн Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн авто замын нийт хэсгээр шороон шуурга шуурч үзэгдэх орчин 10-30м хүрч хязгаарлагдсан тул үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын хөдөлгөөнийг бүх шалган нэвтрүүлэх цэгүүд дээр түр хугацаагаар хязгаарлаад байна.
Эх сурвалж:www.polit.mn