
Боловсролын зээлийн сангаас (БЗС) багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлгийн 2026 оны санхүүжилт одоогоор сургуулийн дансанд шилжээгүйгээс үүдэн тухайн төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх нөхцөл үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэхээр тэтгэлэгт хамруулдаг. Гэвч энэ хичээлийн жилд уг санхүүжилт бүрэн шийдэгдээгүй байгаа нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг үүсгээд байна. Санхүүжилт хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа энэ үед оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх шаардлагатай болж, улмаар тэтгэлгийн зорилгоор суралцаж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн дарамт бий болоод байна.
Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оюутнуудын эрх ашиг, санал хүсэлтийг холбогдох шат шатны байгууллагад хүргүүлэхээр албан бичиг боловсруулж байгаа аж.
Мөн асуудлыг шийдвэрлүүлэх, оюутнуудын нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад хүргэх зорилгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсэн тайван жагсаалыг зохион байгууллаа.
Оюутнуудын зүгээс тэтгэлэгт хамрагдсан боловч санхүүжилт нь тодорхойгүй болсон нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, сургалтын төлбөртэй холбоотой үүссэн хүндрэлд бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Ялангуяа сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй оюутнуудын хувьд энэхүү асуудал нь цаашид суралцах үйл явцад нь хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа юм.
Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлэг 2026 онд бүрэн олгогдоогүй асуудал бий.
Учир нь энэхүү тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд олгох 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт олгосны улмаас 2026 онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутнуудын тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй.
Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсролын яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан. Ингээд 2027 онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа" гэх мэдээллийг өгч байв.
https://news.mn/r/2890625/







