- АН парламентын сонгуульд ялагдсан. Нам дотор шинэчлэлийн асуудал ид яригдаж байна. Мөн удахгүй орон нутгийн сонгууль болно. Ийм цаг үед та Нийслэлийн АН-ын удирдлагаар томилогдлоо. Гэнэтийн шийдвэр байв уу?
-Тийм ээ. Улс төрийн хувьд гэнэтийн шийдвэр байлаа. Энэ сарын 11-нд АН-ын Нийслэлийн намын хороо хуралдаж, Д.Баттулга дарга маань өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Нийслэлийн намын хорооны гишүүд намайг санал болгож, дээд шатны байгууллагаас Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдаваа миний биеийг томилсон байгаа. Ажлаа аваад тав хонож байна. Улс төрийн хувьд гэнэтийн шийдвэр байсан ч надад өөрт бол том хариуцлага ирлээ гэж харж байгаа.
-Ажлаа юунаас эхлэх вэ?
-Нэн тэргүүнд орон нутгийн сонгуульд нийслэлийн АН-ыг удирдан оролцоно. Сонгуульд дөрвөн жил төлөвлөж ордог бол надад хоёр сарын хугацаа өглөө. Маш бага хугацаа ч гэлээ оновчтой шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг зорьж байна. СЕХ-ноос гаргасан цаг тооны хуваарийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд орон нутгийн сонгуульд өрсөлддөг. Мөн мөрийн хөтөлбөрөө тодорхой заасан хугацаанд тухайн аймаг, нийслэлийн аудитын байгууллагаар хянуулаад есөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлж, сонгуулийн хороонд хүсэлтээ өгдөг. Энэ процессын дагуу энэ сарын 15-нд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, хүсэлтээ хүргүүллээ. Нийслэлийн АН-аас зөв хүнээ нэр дэвшүүлж, иргэдийн амьдралд ойрхон, оновчтой мөрийн хөтөлбөрийг танилцуулна.
-Сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх асуудал чухал. АН парламентын сонгуульд ялагдсан шалтгаан нь зөв хүнээ дэвшүүлсэнгүй гэх яриа ч бий?
- Улс төрийн намын ялалтад нөлөөлдөг нэг хүчин зүйл бол зөв нэр дэвшигчийг дэвшүүлэх гэж би боддог. АН-аас нийслэлийн ИТХ-д 45 нэр дэвшигч өрсөлдөх ёстой. Нийслэлийн намын хороо анхан шатны нэгж буюу есөн дүүргийн намын хорооноос гарсан саналыг хэлэлцээд 45 нэр дэвшигчээ батламжлах дүрэмтэй. Ингэхдээ тухайн орон нутагт нэр хүндтэй, ажлын туршлага, ёс зүйтэй, анхан шатны намын гишүүдийнхээ саналыг авсан зөв хүмүүсийг ил тодоор тодруулна.
-Дараагийн нэг асуудал нь санхүүжилт байна. АН парламентын сонгуулиар нэр дэвшигчдээсээ 100 саяын дэнчин авсан гэх яриа гарсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид дэнчин өгөх үү?
-Ардчилсан нам дэнчингийн мөнгийг ил тод хэлснээрээ буруудсан. Харин эрх баригч намын бүх зүйл тодорхой бус, нууцлагдмал байсан. Гэвч олон нийтийн дунд муулуулаад байсан 100 саяаас хэд дахин их мөнгөөр сонгууль хийлээ. Сонгуулийг мөнгөөр хэмждэг, мөнгөтэй хүн л нэр дэвшдэг тийм тогтолцоо эргээд ирж байгаа нь харамсалтай. Та санаж байгаа бол 2012 онд АН пропорционал тогтолцоо буюу холимог системээр сонгууль явуулсан. Энэ тогтолцооны давуу тал нь мөнгөнөөс төдийлөн хамаардаггүй, мөн олон намын төлөөлөл сонгуульд оролцох эрхтэй байдаг. Харин мажоритар тогтолцоо бол хамгийн их мөнгө зардаг сонгуулийн систем шүү дээ. МАН энэ тогтолцоог хуульчилж, эргээд л мөнгөний сонгууль хийлээ. Энэ тогтолцоогоор нийт сонгогчдын 44 хувийн санал, парламентын 82 хувийг бүрдүүлэн олонх болж, Засгийн газрыг 100 хувь удирдаж байна. Ардчилсан нийгэмд хэт нэг талыг барьсан түрэмгий байдал үүсгэж байгаа нь ардчилсан зарчимд нийцэхгүй байна шүү дээ. Тухайлбал, эрх баригч намынхан олонхоороо Сонгуулийн тухай хуулиас орон нутгийг сонгуулийн тухай хуулийг салгаж батлахдаа дахиад л баахан мөнгөний заалтуудыг оруулаад баталчихсан. Мөрийн хөтөлбөрөө хэвлэмэл байдлаар айл бүрд хүргэх, нэр дэвшигчээс тараах материалын хуудас зэргийг хуульчилсан байгаа. Нэгэнт хууль нь ийм болохоор аль ч нам тодорхой хэмжээнд мөнгө зарцуулж таарна. Хамгийн гол нь нийслэлийн АН санхүүжилт, нэр дэвшилтийн асуудлаа ил тод, тунгалаг явуулна.
-Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцох вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үеэр тунхаг төдий ярьчихаад дуусангуут нь ширээнийхээ буланд шидчихдэг байж болохгүй. Нийслэлийн АН мөрийн хөтөлбөрөө иргэдэд нээлттэй ил тод танилцуулна. Аливаа улс төрийн намууд үзэл санаандаа тулгуурлаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. МАН-ын хувьд бүх зүйлийг төрийн мэдэлд аваачиж, нэг удирдлагатай болгоно. Хувийн хэвшлийг хумьж, төрд бүхнийг төвлөрүүлнэ гэсэн үзэлтэй нам.
Харин АН бол хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй нам. Хувь хүний орон зай, бизнесийн эрх чөлөөг дээдэлдэг, нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдана гэсэн ийм л үзэл санаатай юм. Бид бүхэн иргэндээ ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Нийслэлийн түүхэнд АН дөрвөн жил л засагласан байдаг. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулж, U-Money гэх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн зэрэг олон арван сайн жишээг дурдаж болно.
Өнөөдөр дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Монгол Улсын хүн амын 67 хувь нь аймаг, нийслэлд амьдарч байгаа. Тиймээс энэ нөхцөл байдалтай уялдсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гарц шийдлийг бид санал болгох ёстой. Тэгэхийн тулд АН төрийн үйлчилгээг цомхон болгох, хялбаршуулахыг зорино. Цахимжуулах бодлого явуулж, хүнд сурталгүй, иргэдийн асуудлыг дөт замаар шийддэг, амьдрах орчин аюулгүй, таатай ийм хотыг бий болгоно. Бид ийм л мөрийн хөтөлбөр боловсруулсан.
-Өнгөрсөн хугацаанд АН-аас олон хүн гарсан. Хэрэв орон нутгийн сонгуулиар эргээд намдаа хүсэлт тавьбал хэрхэн хүлээж авах вэ?
-Мэдээж залуустайгаа хамтран ажиллана. Би ч гэсэн намаасаа хөөгдөж явсан хүн шүү дээ. Улс төрийн нөхцөл байдлаас хамаарч, намаас хөндийрсөн хүмүүстэйгээ эргээд нэгдэж, ажиллахдаа баяртай байх болно. Манай намын дотоодод шинэчлэлийн асуудал яригдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард Их хурал болно. Ер нь нам гэдэг байнга дотоод дүрмээ сольж байх хэрэгтэй. Алдсаны дараа биш гажуудал үүссэн даруйд нь шинэчилж байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
-Та УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт өрсөлдсөн. Өнгөрсөн сонгуулийн санал хураалт, явц ямар болсон гэж дүгнэж байна вэ?
-Шударга сонгууль болсонгүй. МАН 62, АН 11, МАХН нэг, нэг бие даагчтай парламент бүрдлээ. Хүмүүс МАН хавтгай дэмжлэг авсан юм шиг ойлгоод байна. Би өөрөө магадлалын онолыг судалсан математикч, тооны хүн. Бид цөөн хүн амтай, суурин газар амьдарч байна. Гэтэл сонгуулийн дүн ийм байдлаар гарч байгаа нь шударга сонгууль болоогүйг харуулж байгаа юм
Эрх баригч МАН орон нутгийн сонгуульд дахин багаар нь дэмжиж, эрх мэдлийг бүх шатанд өгөөд үзэх нь зүйтэй гэсэн утга бүхий мэдээллийг цацаад эхэллээ. Гэтэл төрд аль нэг нам ямар нэгэн хяналтгүйгээр эрх мэдлээ нэмэгдүүлээд байвал ямарч нөхцөлд буруу чиглэлд явж, дарангуйлал тогтож байдаг.
Та бидний ирээдүйн дөрвөн жилийн амьдрал хяналттай байх ёстой. Энэ тэнцвэрт байдал алдагдах юм бол зөвхөн нам дагасан бизнесменүүд, улстөрчид л төрнө. Яваандаа бүх сонгуулийг шударга бусаар явуулж, бидний сонголтыг хулгайлсаар байх болно. Ийм шударга бус нийгмийг хяналтгүй үлдээвэл ирээдүйд энэ хэцүү нөхцөлөөс гарахад маш их цаг хугацааг алдана. Тэгэхээр иргэд маань орон нутгийн сонгуульд МАН-ын эсрэг хяналтын тогтолцоог бий болгож оролцох хэрэгтэй.
Нэг намын давуу байдал нь ямар сөрөг талтайг олон улсын жишээнээс ч олж харж болно. Харин олон намын тогтолцоотой барууны улс орнуудад иргэд нь амар тайван, айх аюулгүй амьдарч, улс орон нь хэрхэн хөгжил дэвшилд хүрч байгааг бодолцож сонголтоо хийх цаг болжээ. Улс оронд нэг нам бус олон намын төлөөлөл л хөгжлийг авчирдаг.
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин