Дэлхийн 216 оронд Коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 20 сая хүрэхэд тун ойрхон байна. Өчигдрийн байдлаар /2020.08.10/ 19 сая 736 мянган хүн өвчилж, 24 цагийн хугацаанд 6000 хүн нас баржээ. Өдөр өдрөөр халдвар авагсдын тоо өсөж, дэлхий нийт дахин хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй байж магадгүйг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа.
Харин монголчууд энд дэлхийн сонороос хол бээлий өмсөх нь бүү хэл амны хаалт ч зүүхгүй шахам хөндлөн алхацгааж байна. Саяхан мэт боловч долоон сарын өмнө коронавирусийн сураг урд хөршид дуулдаж эхлэх үед манайхан онцгой дэглэмийг хэрхэн мөрдөж байлаа. Хүн бүр амны зүүж, өөрсдийн гэр, албан байгууллагынхаа өрөө тасалгааг холерминтой усаар байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, хаа сайгүй гар ариутгагч шингэн харагддаг байлаа. Тэр ч байтугай хүнсний дэлгүүрийн лангуунууд ээлж, ээлжээрээ хоосорч гурил, будаа хомстлоо гэж сандарч маскны үнэ тэнгэрт хадаж, эмийн сангуудын маск өдөртөө дуусаж байсан. Гудамжаар маск зүүгээгүй алхах хүнийг бөөнөөрөө эвэртэй туулай үзсэн мэт гайхан харж, өөр тийшээ дөлж зугтаах шахам явсан дүр зураг одоо дурсамж мэт үлджээ.
Тэр ч байтугай коронавирус хилийн зурвасын цаана дэгдсэн сургаар Засгийн газар, УОК-ын шийдвэрүүд маш хурдан шат дараалалтайгаар хэрэгжиж эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудыг хааж, тусгай үүргийн онгоцнуудыг дэлхийн өнцөг булан руу нисгэж хэлсэн. Тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй Азийн орнуудад багтаж дэлхий нийт ч засгийн газрын оновчтой шийдвэрүүдийг магтаж байсан. Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол илрэхэд автобус баазууд нийтийн тээврийн хэрэгслүүдийг татаж, жолооч нар нь утасны цаанаас ирэх зааврын дагуу бүх зорчигчдыг хөөж, буулгаад учир шалтгаан нь тодорхойгүй хотын гудамжаар баазруугаа уралдан давхилдаж байсансан. Автобусны буудал дээр гээгдэж хоцорсон хүмүүсийн нүднээс айдас, түгшүүр мэдэгдэж байлаа. Энэ бол дөнгөж эхлэл гэж бодоцгоож байсан ч өнөөх сүр дуулиантай эхлэл өнөөдөр ямар ч өрнөлгүй гацчихсан.
Учир нь нийслэл хотод Коронавирусийн эсрэг иргэд, аж ахуй нэгжүүд, төр засгийн удирдлагууд анхаарлаа хандуулах нь сулраад удаж байна. Хүний хөл хөдөлгөөн үл тасрах хотын гудамжаар зөрөлдөх иргэд амны зүүхээ больж, гар ариутгагч, бээлий цаашлаад хоорондын зай гэдэг зүйлийг ч мартсан. Сургууль, цэцэрлэг орох шийдвэр гарч хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Автобус дүүрэн хүн ихэнх нь амны хаалтгүй. Нэг хэсэг олдохгүй байсан амны хаалтыг гудамжаар нэг зарж байхад автобусны буудал болон нийтийн тээврүүд ариутгал цэвэрлэгээгээ ч хийгдэхээ больсон. Цаашлаад хүнсний дэлгүүрүүдээр 10 мянган төгрөгөөр долоо хоног бүр ариутгалын шүршигч бодис цацдаг байсан нь ч ирэхээ больсон талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Учрыг нь лавлавал ариутгалын компаниуд зун ихэнх албан байгууллагууд амардаг учраас одоохондоо явах шаардлагагүй гэж үзсэн байна. Монголчууд коронавирусийн эсрэг зуны улиралд амраад намар эсвэл өвлөөс л дахин тэмцэж эхлэх бололтой. Учир нь коронавтрусийн тархалт ямар ч албан тушаалтай хүний амралт, зугаалгын цагаас хугаслаж чадахгүй нь харагдаж байна.
Манайхан амарч дуусаад коронавирустэй хатуу тэмцэнэ гэдэгт нь итгэлтэй байна. Нэг л өглөө сэрэхэд коронавирусийн халдвар дотоодод илэрвэл яах улс вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд вирусийн тархалтыг хянаж чадахгүй өдөрт хэдэн зуун хүн өвчилж зарим газруудад эмнэлгийн хүрэлцээ муу байгаа талаар мэдээлнэ. Харин Монгол Улсын хувьд вирусийн халдварыг дотооддоо алдвал эмчилгээ, шинжилгээ хийх эмнэлгийн тандалт, судалгааны багаж, хэрэгсэл өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх орноос авахуулаад хүрэлцээ хангамж хангалттай байгаа болов уу. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа бидний мэдэх ХӨСҮТ 250 хүнийг хүлээж авах боломжтой гэж ярилцана. Коронавиусийг дотооддоо алдвал Нийслэлчүүд хөл толгойгоо алдах болно.
Энэ халдвар нэг тархвал өдөрт багадаа 100-200 тохиолдол бүртгэгдэх нь ойлгомжтой. Иргэдийн анхаарал суларсан байгаа энэ үед илүү эрчимтэй тархаж нэг л өдөр бүх нийтээрээ халдвар авсан байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь бид бүх нийтээрээ коронавирусийн халдварыг “Тусцгаая” гэсэн хандлагатай байцгаана шүү дээ. Энэ халдвар бусад өвчнүүд шиг өдөрт нэг эсвэл хоёр тохиолдлоор бүртгэгдэхгүй. Тиймээс АНУ, Бразил, Энэтхэг, Япон улсуудтай нөхцөл байдлыг харьцуулахад дотоодын нөхцөл байдал тайван байгаа энэ үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг авцгаая. Өдөр бүр маскаа зүүж, гараа ариутгах хэвшлийг дахин сэргээе. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх хугацаа дөхөж байна. Өчигдөр/2020.08.09/ гэхэд АНУ-ын “Georgiana” мужид хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад тус сургуулийн багш нар коронавирусээр өвчилж, тус мужид сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин зогсооход хүрсэн байна.
Үүний шалтгаан нь сургуулийн орчинд маск зүүгээгүй хүүхдүүд их байсантай холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн хоёр дахь давлагаа аравдугаар сард томуу, томуу төст өвчинтэй хавсран дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулсаар байгаа билээ. Тиймээс одооноос хүүхдүүддээ маск зүүх, гар ариутгах дадлыг суулгах хэрэгтэй. Сургах ёстой. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдүүд хэрхэн өртдөг билээ. Гэртээ зүгээр байсан хүүхдүүд сургуульдаа яваад ирэхдээ л ханиад хүрээд ирдэг шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд коронавирусийн халдварыг улирлын ханиадтай жиших зүйл биш гэдгийг ухаараарай. Цаашлаад халдварын эсрэг вакцин гарсан ч өртөг өндөр байх болно. Тиймээс урьдчилан сэргийлэх энгийн алхмуудыг сайтар мөрдөх хэрэгтэй. Таны өдөр тутамдаа мөрдөх маск зүүх, гар ариутгах, бээлий өмсөх энгийн алхмууд тийм хэцүү ажил биш шүү дээ.
Т.ЭРДЭНЭЧИМЭГ