Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Та үүнийг мэдэх үү: Тарваганы боодог таван сая төгрөгийн “ҮНЭТЭЙ”



-Тарвага алсан ч, худалдаж авсан ч, зарсан ч, идсэн ч хууль бус-
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй, 15 настай хүүхэд тарваган тахлын улмаас нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч долоодугаар сард гарсан. Хүн бүрийн хорхойг хөдөлгөдөг тарвага гэх амьтныг агнахыг 2013 онд БОАЖ-ын сайдын тушаалаар хориглосон. Энэ шийдвэрийг цуцлаагүй, одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байгаа. Гэвч иргэд нууцаар агнаж, тарваган тахлын улмаас амь насаа алдаж байна гэдэг хууль хэрэгжилт сул байгааг харуулж байна.
 
Одоогоор тарваганы тоо толгой өөрийгөө авч явах хэмжээнд хүрээгүй байгаа тул хориог цуцлахгүй байгаа. Хэрэв хориог зөрчвөл өмнө нь 784 мянган төгрөгөөр торгодог байсан. Харин 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар хэрэв та тарвагыг агнасан, худалдаж авсан, зарсан, идсэн ч ерөөс тэр амьтантай “орооцолдсон” л бол 5 сая 400 мянган төгрөгөөр торгуульж, тухайн үед эдэлж, хэрэглэж байсан эд хөрөнгөө хураалгана. Хэрэв тусгай хамгаалалттай газар нутгаас тарвага агнавал та эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Учир нь хохирлын хэмжээ таван сая төгрөгөөс дээш бол байгаль орчны биш эрүүгийн хэрэгт тооцдог болсон.
 
Харамсалтай нь иргэд хуулийн мэдлэггүйгээсээ болж өндөр торгууль төлбөрт унах тохиолдол гардаг. “Би боодог худалдаж авсан” гэдэг ч энэ нь таныг торгуулиас чөлөөлөх үндэслэл болохгүй. Та тарваганы боодог худалдаж авбал таныг таван тэрбум төгрөгийн торгууль хүлээж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Худалдаж авсан бол хууль бус үйлдэл биш гэж ойлгож болохгүй.
 
Долоодугаар сараас хойш тарвага гүйцэд таргалах үеэр зөрчил их гардаг байна. Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй нэвтэрч тарвага агнах зөрчил ч гардаг тухай “Хустайн байгалийн цогцолборт газар”-ын судлаач, судалгаа, сургалтын албаны менежер Д.Өсөхжаргал ярьсан. Тэрбээр “Манай байгаль хамгаалагчид жилд 30-40 орчим анчин барьдаг. Ихэвчлэн хөрөнгө мөнгөтэй, хууль хяналтын байгууллагын томчууд зөрчил гаргаж, хэрэгт орооцолдох нь их. Хээр, хөдөө байгаль хамгаалагчидтай таарахаараа “Ажлаас чинь халуулна. Миний бууг хураавал чи амьдрахгүй” гэх зэргээр айлган сүрдүүлэх явдал гарна. Гэсэн ч бид хуулийн дагуу арга хэмжээг авч байгаа” гэв.
 
-Бугын эвэр түүгчид 300 сая төгрөг олохдоо 3 тэрбум төгрөгийн ойг шатаадаг-
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Хустайн байгаль цогцолборт газарт 24 мянган тарвага, 1500 гаруй буга нутагшдаг байна. Хавар, намрын улиралд иргэд бугын эвэр түүх нь ихэсдэг. Байгалийн жамаар унасан эвэр түүхэд буруу үгүй. Гэвч эвэр түүгчид ой мод, уул хадаар томоотой явдаггүй аж.
 
Тусгай хамгаалалттай газар нутгаас нэг хаварт 300 орчим сая төгрөгийн эвэр түүдэг байна. Үүнээс 30 сая төгрөгийг төсөвт хуримтлуулдаг аж. Гэтэл нөгөө талдаа эвэр түүх гэж яваад иргэдийн гаргасан түймэр үргэлж 3 тэрбумаас давдаг гэнэ. Энэ талаар  Х.Өсөхжаргал “Иргэд зөвхөн эвэр түүдэг л гэж ойлгодог. Гэтэл мотоциклтой буга хөөнө. Хамгаалалттай газраас гаргаад өвөлжөө рүүгээ шахна. Эцтэл нь хөөнө. Унах болоогүй байхад нь хүчээр уургалж, бугуйлдаж эврийг унагах гэж оролдоно. Өнгөрсөн жил хөөж яваад тариан талбайн хашаанд орооцолдуулсан тохиолдол гарсан” гэлээ.  
 
Тэгэхээр хэрэв та тарвага алсан ч, боодог худалдаж авсан ч таныг таван сая төгрөгийн торгууль хүлээж байгаа. Тиймээс өндөр торгуульд унахгүй, өөрийн амь нас эрүүл мэндээ эрсдэлд учруулж тарваганы мах идэхгүй байхыг зөвлөе. Мөн бугын эвэр түүгчид байгалийн жамаар унах болоогүй эврийг нь бугуйлдаж амьтан зовоохгүй байхыг хүсье.
 
Амьтан, хүнгүй бүгд л орчлон ертөнцөд амьдрах эрхтэй.
 
Г.Сүрэнскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ