
Украины Аюулгүй байдлын алба (SBU) ням гарагт /2025.06.01/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын агаарын хүчний бөмбөгдөгч онгоцны гуравны нэгийг устгасан гэжээ. Operation Spiderweb буюу Аалзны тор ажиллагаа нь ОХУ-ын газар нутаг дахь олон мянган км зайтай байрладаг агаарын баазуудыг онилсон байна.
А-50, Ту-95, Ту-22, М3 зэрэг 40 гаруй онгоц цохилтод өртөж, 6.8 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Аалзны тор ажиллагаа гайхалтай үр дүнд хүргэсэн гэсэн юм. Тэрбээр тус ажиллагааг хэрхэн явуулсан талаар мэдээлэл өгөхдөө 117 дрон ашигласан гэжээ. Ажиллагааг явуулах бэлтгэл ажиллагааг нэг жил, зургаан сар, есөн хоног хийсэн хэмээсэн юм.
Зеленский Телеграм дээр бичихдээ “Хамгийн сонирхолтой нь Орост ажиллагаа явуулсан нутаг дэвсгэр нь ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны яг хажууд байсан явдал юм. Үүнийг бид олон нийтэд мэдэгдэж болно” гэжээ.
Эх сурвалж: Euro News