Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АГААРЫН БОХИРДОЛ I Их Британид уушгины хавдар нэмэгдэж байна


Их Британид жил бүр 1,100 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины хамгийн түгээмэл хэлбэр болох аденокарцином хорт хавдраар өвчилж байна гэж мэдээлэв. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хавдар судлалын агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр, 2022 онд Их Британид 515 эрэгтэй, 590 эмэгтэй энэ төрлийн уушгины хорт хавдраар оношлогджээ. Аденокарцином нь уушгины хорт хавдрын дөрвөн үндсэн төрөл дундаас хамгийн түгээмэл хэлбэр болоод байна. Судалгаагаар Их Британид агаарын бохирдлоос үүдэлтэй тус өвчлөл АНУ, Канадтай харьцуулахад өндөр, харин Хойд Европын хамгийн бага үзүүлэлттэй Финландаас дөрөв дахин их байжээ. Энэхүү тоон мэдээллийг Олон Улсын Хавдар Судлалын Агентлагаас анх удаа гаргасан бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хорт хавдрын эсрэг байгууллагууд, байгаль орчны төлөө тэмцэгчид энэ судалгааг “сэрэмжлүүлэг” гэж үзэж, Их Британийн засгийн газарт агаарын бохирдлын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. Рой Касл Уушгины Хавдрын хэлтсийн захирал Паула Чадвик "Энэ судалгаа маш ноцтой. Агаарын бохирдол уушгины хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг бид мэддэг байсан ч одоо энэ нөлөө ямар их байгааг бодитоор харж байна. Энэ баримтад үндэслэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай" гэж мэдэгджээ. Чадвикийн хэлснээр, засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад дорвитой алхам хийхгүй бол улам олон хүн уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Лондонгийн Эрүүл Мэнд, Халдварт Өвчний Сургуулийн профессор Эндрю Хэйнс "Энэхүү судалгаа нь агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлж буйг засгийн газар илүү нухацтай авч үзэх ёстойг харуулж байна" гэжээ. Дэлхийн Хавдар судлалын байгууллагын судалгаа, бодлогын захирал доктор Хелен Крокер: "Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай ажиллах шаардлагатай. Бид аль хэдийн агаарын бохирдол уушгины хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэддэг төдий байсан, харин одоо эдгээр тоо баримт нь хавдрын шалтгаан болох өндөр магадлалтайг улам тод харуулж байна" гэжээ.

Аденокарциномын тархалт нэмэгдэж байна
 
Уушгины хорт хавдар дэлхий дахинд хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан бөгөөд 2022 онд 2.5 сая хүн оношлогджээ. Гэвч уушгины хорт хавдрын дэд төрлүүдийн тархалтын хэв маяг сүүлийн арван жилд эрс өөрчлөгдсөн байна. Дөрвөн үндсэн дэд төрөл болох аденокарцином, хавтгай хучуур эсийн хорт хавдар, жижиг эсийн хавдар, том эсийн хавдрын дунд аденокарцином гэх онош давамгайлах болжээ. 2022 онд дэлхий даяар эрэгтэйчүүдийн уушгины хорт хавдрын 45.6%-ийг, эмэгтэйчүүдийн 59.7%-ийг тус хорт хавдар эзэлдэг байсан бол 2020 онд энэ тоо 39.0% болон 57.1% болжээ. Түүнчлэн тамхи татдаггүй байсан ч уушгины хорт хавдрын 70%-ийг тус онош эзэлж байна. Дэлхий даяар 2022 онд агаарын бохирдлоос болж 200,000 гаруй хүн эдгээр хорт хавдраар өвчилсөн гэх судалгаа бий. Агаарын бохирдлоос үүдэлтэй аденокарциномын хамгийн өндөр тархалт 2022 онд Зүүн Азид буюу Хятадад бүртгэгджээ. "Тамхи уушгины хорт хавдрын гол шалтгаан хэвээр байгаа ч энэ өвчин тамхи татдаггүй хүмүүсийг ч гэсэн өртүүлж болзошгүй" гэж Их Британийн Хавдар Судлалын албан тушаалтан Люси Кларк онцоллоо.

Агаарын бохирдол хүний өдөр тутмын ажилд төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлдөг
 
Агаарын бохирдолд богино хугацаанд өртөх нь хүний анхаарал төвлөрөх чадварт муугаар нөлөөлдөг болохыг нэгэн судалгаа тогтоожээ. Судлаачид 26 оролцогчийн танин мэдэхүйн чадварын тестийн үр дүнг харьцуулан шинжилсэн бөгөөд заримыг нь лааны утаагаар бий болгосон нарийн ширхэгт тоосонцорт өртөхөөр, үлдсэнийг нь цэвэр агаартай нөхцөлд туршсан байна. Уг судалгаагаар, өндөр концентрацтай утаанд хэдий богино хугацаанд өртсөн ч оролцогчдын анхаарах болон сэтгэл хөдлөлийг таних чадварт нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэ нь хүний ажлын төвлөрөл, анхаарал сарнихаас болон бусадтай харилцах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Бирмингемийн их сургуулийн судлаач, доктор Томас Фахертигийн хэлснээр, “Агаарын бохирдолд өртсөн хүмүүс илүү төвлөрөх чадвар муутай болох нь ажиглагдсан. Жишээлбэл, хүнсний дэлгүүрт худалдан авалт хийхдээ төлөвлөөгүй зүйлсэд татагдан худалдан авалт хийх магадлалтай” гэжээ. Мөн судалгаагаар, агаарын бохирдолд өртсөн оролцогчдын сэтгэл хөдлөлийг таних чадвар буурсан нь тогтоогджээ. Фахерти, “Тэд нүүрний хувирал, илэрхийллийг ойлгохдоо муу байсан, айсан, баярласан эсвэл жигшсэн царайг шууд хараад анзаарах чадвар муудсан байв.
Энэ нь нийгмийн харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлж болзошгүй” гэжээ. Түүнчлэн, АНУ-ын хотуудад хийгдсэн судалгаануудаас харахад агаарын бохирдол нэмэгдэх үед хүчирхийллийн гэмт хэргийн түвшин өсдөг нь ажиглагдсан байна. Гэсэн хэдий ч зарим танин мэдэхүйн үйл ажиллагаа агаарын бохирдолд илүү тэсвэртэй байдаг нь ч мөн тодорхой болсон. Агаарын бохирдол нь дэлхийн нийтийн хэмжээнд хамгийн ноцтой эрүүл мэндийн эрсдэлүүдийн нэг хэвээр байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцооллоор, гадаад орчны агаарын бохирдол жилд 4.2 сая хүний богино наслалтын шалтгаан болдог аж. Фахерти “Судалгаанд эрүүл, ямар нэгэн амьсгалын замын болон мэдрэлийн эмгэггүй насанд хүрэгчид оролцсон” гэдгийг ч мөн дурдсан байна. Энэхүү судалгаа нь бохирдлын эх үүсвэрүүдийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах өргөн хүрээний төслийн нэг хэсэг бөгөөд энэ нь ирээдүйн бодлого боловсруулах, эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээг сайжруулахад туслах зорилготой юм. “Бид гал тогооны утаа, модны түлш, авто машины яндангийн утаа, цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэрэг бохирдлын эх үүсвэрүүдийг нарийвчлан судалж байна. Ингэснээр судалгааг нарийн, тодорхой болгож ирээдүйд авах арга хэмжээг илүү үр дүнтэй хийх боломж бүрдэнэ” гэж мөн онцолжээ.
Х.Энхболд
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ