Өнөөдөр УНТЭ-т Эрдэмийн чуулган-45 зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын агаарын бохирдолтой холбоотой нас баралтын тандалт судалгааны үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгааны багийн эмч мэргэжилтэнүүд танилцууллаа.
НЭМҮТ-ийн тандалт үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний Х.Жавхлан: “Орчны эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2018-2022” оны хоёрдогч тоон мэдээллийг ашигласан. Судалгаанд хамруулсан үзүүлэлтүүд PM10, PM2.5, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисуудын үзүүлэлтүүдийг дараах өвчлөлтэй холбон судалсан. Үүнд: 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин (J20-22), 25-аас дээш насны хүн амын цусны даралт ихсэх өвчин (I11-I-15) , 25-аас дээш насны хүн амын зүрхний шигдээс өвчин (I20-I25), 25-аас дээш насны хүн амын уушгины архаг бөглөрөлт өвчин (J44-J45), 25-аас дээш насны хүн амын уушгины хавдар (C34) зэрэг тоон мэдээнд параметрийн болон параметрийн бус үзүүлэлтүүдээр Microsoft Excel, SPSS-25 программ ашиглан статистик боловсруулалт хийсэн.
Улаанбаатар хотод 2018-2022 онд 10000 хүн амд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн томуу ба уушгины хатгалгаа өвчний улмаас нас баралт 0.6, уушгины хавдрын шалтгаант нас баралт 0.3-аар тус тус өсөж, 25-аас дээш насны хүн амын уушгины архаг бөглөрөлт өвчин 0.5, 25-аас дээш насны хүн амын зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралт 1.4-өөр тус тус буурч, 25-аас дээш насны хүн амын цусны даралт ихсэх шалтгаант нас баралт, 5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын доод замын цочмог халдварт өвчний шалтгаант нас баралтын хувьд өөрчлөлт гараагүй байна.
Улаанбаатар хотын агаар дахь түгээмэл бохирдуулагчид нь 2018-2022 онд PM10, PM2.5, тоосонцорын агууламж буурсан боловч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисуудын тоон мэдээнд дүн шинжилгээ хийхэд дундаж агууламжаас нэмэгдсэн байна. Агаарын бохирдолтой холбоотой өвчний нас баралтаас 5 хүртэлх насны хүүхдийн томуу ба уушгины хатгалгаа өвчний улмаас нас баралт, уушгины хавдрын шалтгаант нас баралт тус тус нэмэгдсэн байна." хэмээлээ.