Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч шөнө тангаргаа өргөж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэрээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ АНУ-ын алтан үеийг эхлүүлж, өмнөх удирдагчийн бодлогоос үүдэлтэй доройтлоос үндэстнээ аврах болно гэдгээ амласан юм. Түүнчлэн цагаачлал, эрчим хүч, эдийн засаг зэрэг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр танилцуулж байсан сэдвүүдээ дахин онцоллоо.
“Америкийн алтан эрин үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс хойш манай улс цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд дахин хүндлэгдэх болно. Би Трампын засаг захиргааны өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавина”
Дональд Трамп
Цагаачлалын асуудлаар Мексиктэй хиллэж байгаа өмнөд хил дээрээ үндэсний хэмжээнд онц байдал зарласан. Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж байсан "Мексикт үлдэх" бодлогыг сэргээхээ мэдэгдэв. Түүний засаглалын үед холбооны Засгийн газар эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйстэй гэх байр суурь баримтална гэж мэдэгдсэн. Сансрын судалгааг дэмжиж, АНУ-ын сансрын нисгэгчдийг Ангараг гараг дээр байршуулахын төлөө ажиллахаа амлав. Тэрээр Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг алан хядагчид хэмээн зарлаж, хууль бус цагаачлалыг зогсоохоо онцолсон. Дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэн, гадны улсуудад тариф тогтоох замаар АНУ-ын иргэдийг баяжуулах зорилт тавьсан. Үүний хүрээнд хоёрдугаар сарын 1-ээс Мексик, Канад улсад 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаа мэдэгдлээ.