Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Хэнтий аймгийн Биндэр суманд Өмнөд Солонгос улсаас шүдний эмч нар очиж үзлэг хийсэн. Ингэхдээ ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасангүй гэх мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул олон нийтэд түгээсэн. Ингэснээр холбогдох албаныхан тухайн газарт хяналт шалгалт хийсэн билээ. Тэгвэл тус мэдээллийг ил болгосон Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч, Хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн их эмч Х.Хонгорзултай ярилцлаа.
-Өмнөд Солонгос улсын шүдний эмч нар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй сумын иргэдэд үзлэг үйлчилгээ үзүүлж байна гэж та мэдээлсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?.
-Эрүүл мэндийн яам, Халдвар судлалын үндэсний төвөөс албаны хүмүүс хяналт шалгалт хийсэн. Сумын 50 гаруй иргэн үзлэгт хамрагдсан. Энэ талаар хяналт шалгалт дуусахаар холбогдох хүмүүс нэгдсэн мэдээлэл өгөх байх.
-Эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй олон хүнд үзлэг хийснээр ямар эрсдэл гарч болох вэ?
–Элэгний B, C вирусийн халдвар авна. Цаашлаад ДОХ, тэмбүү гэх мэт бусад цусаар дамжиж болох бүхий л халдварыг авах өндөр эрсдэлтэй.
-Энэхүү ноцтой асуудал дээр "Юун сүртэй юм, өндөр хөгжилтэй улсаас мэргэжлийн эмч үнэ төлбөргүй үзлэг хийж байхад" гэсэн байр суурьтай иргэд байсан. Хөдөөгийн хүмүүсийн шүдний эрүүл мэндийн асуудал, шүдний эрүүл ахуйн боловсрол ямар түвшинд байна вэ?
-Сөрөг байр суурьтай иргэдэд би гомдоогүй. Орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол мэдлэг муу байгаатай холбоотой. Сумын эмнэлэгт үндсэн шүдний эмч байхгүй учир үнэ төлбөргүй үзлэг авах хүсэлтэй иргэд маш их байсан. Би хувийн эмнэлэг ажиллуулдаг. Үнэхээр надад үзүүлэхийг хүсэвч хэдэн малаас өөр бизнесгүй иргэдэд хэцүү л байдаг байх. Зарим нь үнэхээр өгье гэсэн ч мөнгөгүй хүмүүстэй олон таарсан. Тэднийг буруутгах аргагүй. Хэн ч өндөр хөгжилтэй орны үнэгүй эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа авахыг хүснэ шүү дээ. Урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэгүй үздэг. Мөн эмнэлгийн ажилчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үздэг.
МАНАЙ ГЭР БҮЛ СУМАНД ЭРҮҮЛ ТАНСАГ, САЙХАН АМЬДАРЧ БАЙНА
-Хэнтий аймгийн Биндэр суманд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Суманд ажиллах шийдвэрийг гаргасан шалтгаан юу байв. Залуучууд сум битгий хэл аймагт ажиллах сонирхолгүй байдаг?
-Би Хэнтий аймгийн Биндэр суманд ирээд гурван сар болох гэж байна. Хэнтий аймгийн Биндэр сумаас надад ажиллах таатай нөхцөл тавьсан учир гэр бүлээрээ ирсэн. Би болон манай гэр бүлийн хүн суманд ажиллах дуртай. Энд шүдний эмчийн хэрэгцээ маш их учир хэрэгтэй газраа чаддаг юмаа хийгээд талхны мөнгөө олж байна гэж боддог. Эрүүл агаар, ой мод, уул устай газар ажиллахад сайхан шүү дээ. Стресс, түгжрэл, утаа байхгүй. Уйдах гэхээсээ илүү сонирхолтой санагддаг. Биндэр суманд ирэхийн өмнө Батширээт суманд “Сумын хүүхдүүдийн шүдээ эрүүл болгоё” төсөл дээр жил гаруй хугацаанд ажилласан.
-Суманд ажиллахад хүндрэлтэй зүйл юу байна?
-Цахилгаан эрчим хүчний асуудал төвөгтэй байдаг. Ид ажлын цагаар тог тасардаг, тогтмол тасардаг. Жижиг газар учраас сумын хүмүүс амьд камер л гэсэн үг. Хов жив ихтэй. Тэр нь жоохон залхуутай.
-Орон нутагт ажиллахын давуу тал нь?
– Би Улаанбаатарт Цэргийн төв эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байхдаа Covid-19 тусаж, хүндээр өвдөөд тэрнээс хойш хөдөө амьдрахыг илүүд үзэх болсон. Давуу тал харин их шүү. Би суманд амьдрахдаа яг жинхэнэ амьдарч байгаа юм шиг санагддаг. Нам гүм байгалийн үзэсгэлэнд шувуудын чимээ сонсоод шүдээ үзэж суух нь миний бараг жаргал. Өглөө сэрээд хөшгөө нээгээд цонхоор харахад уран зураг шиг байгаль мөнх ногоон мод уул харагддаг. Чөлөөт цагаараа гэр бүлдээ илүү их цаг гаргах боломжтой. Зундаа мөөг, жимс түүнэ тэрийгээ чанаж дараа өвлийн турш иднэ. Өдөр бүр шинэхэн үнээний сүү талхаа хэрэглэчихнэ.
Манай гэр бүл суманд эрүүл, тансаг, чанартай сайхан амьдарч байна гэж боддог.
-Цаашид орон нутгууд залуу боловсон хүчин татахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Залуучуудаа сонсох хэрэгтэй. Мөн орон нутаг ялангуяа сум жижиг учир хов жив тасардаггүй. Жалга довын үзэл их гаргадаг. Бүгд Монгол хүн шүү дээ. Хамгийн чухал нь залуу гэр бүл амьдралд хөлөө олоогүй байдаг. Үүн дээр нь анхаарч нийгмийн асуудлыг нь хангаж зөвөөр шийдээд өгвөл Монголын хаана ч, хөдөө суманд ажиллахад асуудал байхгүй гэж бодож байна.
-Шүдний өвчин нь ихэнх өвчний үндэс суурь гэдгийг эмч нар ярьдаг. Энэ талаар?
– Тиймээ. Хүний эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлдэг.
Биндэр сумын хэмжээнд 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цоорлын өвчтэй буюу нийт хүүхдүүдийн дунд цоорлын эрчим 96 хувьтай байна.
Шүд цоорол нь зүрх судас, бөөр, үе мөч гээд 280 гаруй эрхтэн системийн архаг өвчний шалтгаан болдог маш хоруу чанар ихтэй нийгмийн чимээгүй тахал болсон өвчин. Монгол Улсад шүдний эмнэлэг, шүдний эмчийн тоо маш хурдацтай өсөж байгаа ч хүүхдийн шүдний өвчлөл буурахгүй улам өсөж байгаа нь Монгол Улс шүдний тусламжийн бодлогоо өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна.
-Шүдний цоорлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, эцэг, эхчүүдэд зөвлөхөд?
-Шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга зам бол гурван сар тутамд шүдний эмчид шүдээ үзүүлж, хянуулж байх хэрэгтэй. Өвчин зовуурь байхгүй байсан ч үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн шүдний цооролгүй Монгол Улсыг бүтээх нь дан ганц оношилгоо, эмчилгээ хийх нь хангалтгүй бөгөөд хамгийн гол нь дахин давтан үзлэг хийх, байнгын хяналтад явах болон шүдээ байнга, зөв угаах дадал хэвшлийг хүүхдэд суулгах нь чухал. Аав ээжүүд шүдний эмнэлэг, шүдний эмч нартай нягт хамтран ажиллаж байж энэхүү өвчнөөс салж чадна. Монголчууд шүдээ зөв, тогтмол угааж чаддаг болбол шүд цоорохгүй байх бүрэн боломжтой.
Монголчууд ихэвчлэн өглөө, оройд л шүдээ угаадаг. Өдрийн цагаар шүдээ угаах нь ховор тохиолдол. Шүдийг хэзээ угаах шаардлагатай байдаг вэ?
-Сайн гээд өдөрт олон удаа угааж болохгүй. Ингэх нь учир дутагдалтай. Амны хөндийд өөрийгөө хамгаалах систем буюу буфер систем гэж бий. Ихдээ өдөрт гурван удаа, багадаа хоёр удаа угаахад хангалттай. Шүдэндээ аппараттай бол бас өөр, эмчийнхээ зөвлөсний дагуу шүдээ угаана.
– Гадаад улсад шүдний эрүүл ахуй, эрүүл мэндэд хэрхэн анхаардаг бол?
– Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад түрүүн хэлсэнчлэн тогтмол шүдний эмчид шүдээ үзүүлж, шүдний эмчийн байнгын хяналтад байдаг нь биднээс ялгарах давуу тал нь юм.
https://news.mn/r/2740706/