Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр “Хөдөөгийн баясгалан” дууг дуулсан 13 настай П.Жаргалнэмэхтэй ярилцлаа.
-Баян сумын 100 жилийн ойн баяр наадмын "од" нь чамайг байсан гэж олон хүн бичсэн байна лээ. Наадамчин олны өмнө морьтой дуулах ямар байсан бэ?
-Сумынхаа 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд дуулах үнэхээр сайхан байлаа. Том болоод "Сумынхаа 100 жилийн ойгоор дуулж байсан" гэж ярих сайхан дурсамжтай үлдсэндээ маш их баяртай байгаа. Энэ наадам миний хүүхэд насны мартагдашгүй дурсамжийн нэг болон үлдэж байна. Аливаа арга хэмжээний нээлтэд оролцох сайхан байдаг. Би олны өмнө дуулахдаа огт сандраагүй. Хүмүүс миний дууг эерэг, сайхан хүлээж авсан болохоор сэтгэл хангалуун байсан.
-Чи хэзээнээс дуулж эхэлсэн бэ. Наадмаар дуулсан “Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэзээ сурсан бэ?
-Би гуравдугаар ангийн сурагч байхаасаа дуулж, урлагийн үзлэгт орж эхэлсэн. Энэ намар би наймдугаар ангид орно. “Хөдөөгийн баясгалан” киноны дууг тавдугаар ангид байхдаа гар утсан дээрээсээ дуу хайж байгаад олж, сурсан. Гоё дуу сурмаар санагдаад, дуу хайж байхдаа олсон юм.
-“Хөдөөгийн баясгалан” киноны дууг өмнө нь дуулж байсан уу. Наадамчин олонд зориулж анх удаа дуулж байна уу?
-"Хөдөөгийн баясгалан" киноны дууг анх удаа олны өмнө дуулсан. Өмнө нь мэддэг байсан ч ямар нэгэн тоглолт, урлагийн үзлэгээр дуулж байгаагүй. Тийм болохоор хүмүүст илүүтэй хүрсэн байх.
-Дуугаа хэдий хугацаанд бэлдсэн бэ. Морьтой дуулах шийдлийг нь хэн гаргав?
-Манай сумын наадам энэ сарын 18, 19, 20-нд болсон. Би дуугаа долдугаар сарын 10-наас бэлдсэн. Морьтой, уургатай дуулах санааг наадмын найруулагч гаргасан. Харин би дуугаа өөрөө сонгосон. Морьтой дуулах бэлтгэл огт хийгээгүй гэхэд амжилттай болсон.
-Морьтой дуулах тайзан дээр дуулахаас гоё байсан уу. Морио үргэчих вий гэж айж байв уу?
-Морьтой дуулах тайзан дээр дуулахаас гоё юм билээ. Надад маш их таалагдсан. Морь минь үргэчих вий гэж айсан ч хүмүүс алга ташаад гоё байсан.
-Чи морио хэрхэн сонгосон бэ. Хэтэрхий номхон морь сонгож болохгүй байх?
-Би авга ахынхаа хүрэн морийг унасан. Номхон ч биш, догшин ч биш морь сонгосон. Хэтэрхий номхон морь сонгох юм бол толгойгоо унжуулчихаад тоглолтыг уйтгартай болгочихдог. Морио зөв сонгосон болохоор дуулж байхад асуудал гараагүй. Харин ч морь минь хөдлөх үедээ хөдөлж, зогсох үедээ зогсож байсан. Би морио ахындаа хүргэж өгөхөөр ирчихээд байна.
-Чи хурдан морь унаж байсан уу. Зуныхаа амралтаар хөдөө гардаг уу?
-Сумынхаа 100 жилийн наадмаар ахынхаа шүдлэнг унаад 14-т хурдалсан. Манайх сумын төв дээр байдаг болохоор зуныхаа амралтаар ахындаа ирж тусалдаг. Аав минь багийн дарга, ээж сувилагч хийдэг.
-Танай удамд дуулдаг, урлагийн авьяастай хүн бий юү?
-Аавын минь аав, ээж урлагийн хүмүүс, хоёулаа Соёлын төвд ажилладаг байсан. Өвөө хуурддаг, эмээ уртын дуу дуулдаг байсан.
-Чи ямар мэргэжилтэй болох вэ?
-Би урлагийн хүн болно гэж боддог. Ах минь СУИС төгссөн. Дуулах авьяастай. Саяхан Солонгосоос ирсэн.Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй байгаа.
-Чи дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Морин хуур, гар бөмбөг тоглодог. Монгол бичиг, монгол хэл, дуу хөгжим, биеийн тамирын хичээлд дуртай.
-Урлагийн үзлэгээр ямар, ямар дуу дуулж байв. "Хөдөөгийн баясгалан" киноны дууны юу нь чамд таалагдсан бэ?
-"Тольтой мөнгөн хазаар", "Тэр охин" гээд олон дуунд дуртай. "Хөдөөгийн баясгалан" киноны дуу миний хоолойнд тохирох юм шиг санагдсан. Бас их гоё аялгуутай, сонсголонтой болохоор би илүүтэй дуртай.
-"Хөдөөгийн баясгалан" киног үзэж байсан уу?
-Үзээгүй. Энэ зуны амралтаар үзнэ гэж бодож байгаа.
-Амжилт хүсье.
-Баярлалаа.
https://ergelt.mn/news_full/155/single/46119