Ардчилсан намын зүгээс өнөөдөр /2024.06.16/ Сант сумын Засаг дарга амиа алдсан талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын төлөөлөгч:
-Сонгуулийн үеэр эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ.Хамгийн харамсалтай нь, нэг намын гишүүн нөгөө намын гишүүнийхээ аминд хүрлээ. Үйл явдлыг тодруулахад, өчигдөр орой 19:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын уулзалтын үеэр энэ харамсалтай үйл явдал болжээ. Уулзалт болж байсан талбайн хажууд намын байр байрладаг. Намын байранд гишүүд байж байхад МАН-ын хорооны гишүүн, ухаалагч О гэдэг залуу намын байранд орж ирж, агсам тавьжээ. Арван минутын дараа буцаж ирээд "Та нар яагаад манай намын уулзалтад ордоггүй юм бэ" гэх зэргээр агсам тавьж, гэнэт талийгаач Б-г өшиглөж, төвөнх нь чихэгджээ. Энэ бол санаатай үйлдэл. 25 болон түүнээс дээш жилийн ялтай. Намын гишүүд бүгд харж байсан. Хуулийн байгууллага О-ийн үйлдлийг шалгаж байна. Мөн Ардчилсан намын хуулийн баг ч ажиллаж байна.
Хуульч Р.Булгамаа:
-Маш харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Уулзалтын арга хэмжээний үеэр О "УИХ-ын даргын уулзалт руу ор" гэснийхээ дараа ирж, Б-г өшиглөж, аминд нь хүрчээ. Талийгаач бол ардчилсан үзэл санааны төлөө явдаг, сум орон нутагтаа ихийг бүтээсэн, гурван хүүхдийн аав байсан. МАН-ын дарга нь гуравхан хоногийн өмнө Монгол орны газар нутаг энэ сонгуулиар шийдэгдэнэ гэсэн. Нэр дэвшигчийнх нь сонгуульд ажилласан этгээд хүний амь насанд хүрлээ. Энэ бол санаатай үйлдэл. Журмын нөхрийн минь амь насанд халдлаа. Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан санаатай алах, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж амь насанд нь халдлаа. Яагаад ингэж ялгаварлан гадуурхаад байгаа юм бэ, УИХ-ын даргын уулзалтад орсонгүй гэж ингэж болдог юм уу.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАС БАРЖЭЭ
Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амиа алджээ. Тодруулбал, өчигдөр /2024.06.15/ энэхүү харамсалтай явдал болсон бөгөөд тус хэрэгтээ холбогдуулан Ардчилсан намын зүгээс өнөөдөр 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тус намын мэдэгдэлд "УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тиймд Ардчилсан намаас энэ талаар шуурхай хурал зарлаж байна" гэв.
https://news.mn/r/2731238/