-Танд болон гэр бүлд тань эмгэнэл илэрхийлье?
-Бидэнд үнэхээр хүнд гарз тохиолоо. Аав минь 80 гарсан өндөр настай хүн байдаг. Маш хэцүү хоног өдрүүдийг үдэж байна. Нөхөж баршгүй гарз гэж энэ л юм байна. Бид ч шокын байдалтай байна. Гэнэтийн юм гэдэг аюултай байдаг аж.
-Олны нүдэн дээр байсан өмгөөлөгч хүн ямар учраас амь хохиров гэдэг олон нийтэд эргэлзээ төрүүлсээр байгаа. Эндээс яриагаа эхэлмээр байна, болох уу?
-Ахынхаа хувьд ярихад их зоригтой, өөрийн гэсэн харизмтай хүн. Бас цагаахан, хэлье гэснээ шууд хэлчихдэг
Ажил үүргийн талаасаа бодсон ч өмгөөлөл хийж байгаа хүнээ маш сайн хамгаалдаг. Энэ үйлчлүүлэгч ямар ч хүн байсан би хамгаалах ёстой гэж үздэг.
Ер нь өөрөө ой тогтоолт өндөртэй, их сэргэлэн хүн. Хүүхэд байхын тийм байсан. Өдөрт нэг ном уншчихдаг, номын сайн нөхөр байлаа. Австралид байдаг ах маань хоёулаа алтан медальтай сурагчид байлаа. Баагий ах маань сургуулиа төгсөөд Орост сурах хуваарь авч байсан шүү дээ.
Би ахыгаа сайн мэднэ. Хажууд нь олон ч жил явсан. Би айлын ганц охин. Дөрвөн ахтай. Баагий ах хамгийн том нь. Тиймээс намайг их хайрладаг хамгаалдаг байлаа. Ер нь ах эмэгтэй хүнийг маш их хүндэтгэдэг, хайрладаг хүн. Би оюутан болоод хөдөөнөөс орж ирэхэд намайг дотуур байранд суулгахгүй гээд л хажуудаа аваад л төгсгөсөн. Аав минь олон жил уурхайд ажилласан. Ээж минь 17-тойдоо багш болж байлаа. Сүүлд 35-тайдаа Багшийн дээдэд эчнээгээр сурахад ах бид дөрвийг харж өссөн. Таван аяган боорцог тэнцүү хувааж хийгээд л, үсийг минь хоёр сүлжээд л бид энгийн сайхан амьдралыг туулсан хүмүүс. Ингэж сайхан ахан дүүсийн хайранд өссөн хүмүүс нэгнийгээ цаг бусаар алдана гэдэг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм.
-Ахыгаа сураггүй боллоо гэсэн дуудлагыг та цагдаад өгсөн байсан уу?
-Би ахтайгаа хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 18-нд уулзсан юм. Ингээд хөдөө яваад өгсөн. 21-ний орой ирсэн. Тэр үед Улаанбаатарт цас ороод цаг агаар хүнд байсан. Маргааш өглөө нь ахын оффис руу орох гээд хаалга тогштол байдаггүй. Удалгүй бэр залгаад ахыг асууж байна. Ах руу залгатал утас нь дуудаад авдаггүй. Тэр бол 22-ны өглөө 08:15 цагийн хавьцаа. “Та хаана байна гээд мессэж бичлээ”, хариу байхгүй. Тэр өдөржингөө л бэр бид хоёр ээлжилж залгасан, утсаа аваагүй. Маргааш нь бас л дуудаад байсан. Хоёр утас нь адилхан. Гэтэл унтарчихдаг юм. Удалгүй дахиад нээгдсэн. Тэгэхээр нь бэр бид хоёр санаа амарчихгүй юу. Утсаа асааж унтраагаад байна гэж бодлоо. Гэтэл 23-ны орой 02:00 цагийн үеэс утас нь бүр унтарсан. 25-ндаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст би очиж мэдээлэл өгсөн. Ингээд эрэл эхэллээ гээд л шөнийн 01:00 цагийн үед мэдүүлэг өглөө. Ямар хүмүүстэй холбоотой байв, хэнийг хардаж байна гээд л асууж эхэлсэн. Бид ч хэлсэн.
-Таныг сураггүй боллоо гэсэн гомдол гаргаад маргааш нь цагдаа нар ахыг тань машин дотроо нас барсан байхад нь олсон гэж мэдэгдсэн. Тэр хүртэл та бүхэн ямар нэгэн сэжүүр аваагүй юу?
-Гомдол гаргасны маргааш 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг “ирээрэй” гэж дуудсан. Ингээд л бид тал талаас гарцгаасан.
-Тэр үед амиа алдсан эсэхийг мэдээгүй хэрэг үү?
-Юу ч бодоогүй. Машин нь олдлоо гэж ойлгосон. Гэтэл удалгүй сошиалаар нас барсан болохыг мэдээлээд эхэлсэн. Бид цагдаа дээр очихоос өмнө түгжирчихсэн. Хүмүүс над руу залгаад тэгж л мэдсэн.
-Амиа алдсан нөхцөл байдлыг ар гэр нь харсан уу?
-Үгүй. Харуулаагүй. Шууд л цагдаа нар хэргийн газрыг хөндчихсөн байсан. Бид 19:00 цагийн үед Хан-уул дүүргийн цагдаагийн газарт очсон. Нэгэнт хэргийн газрыг хөдөлгөчихсөн учраас бид ярилцаад задланд оруулах хүсэлт гаргасан.
Уг нь амь хохирогчийн ар гэрийг нь дуудаад үзүүлж таниулдаг биз дээ. Сая гэхэд нэг залуу хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байгаад амиа алдсан. Түүнийг ар гэрт нь таниулж байна гээд л шуугиад байгаа биз дээ. Гэтэл ах минь тийм ноцтой байдлаар амиа алдчихсан байхад ар гэрт нь таниулж мэдээлэл өгөөгүй нь маш эргэлзээтэй. Хамгаалалтын бүс татаж байгаад ар гэрээс нь нэгийг нь дуудаж оруулаад харуулах ёстой баймаар. Бид тал талаас яваад очсон шүү дээ. Хөдөөнөөс нэг ах маань хүртэл яваад ирчихсэн байсан.
-Эргэлзээтэй зүйл гэдэг нь?
-Машинтай явсан хүнийг доороо л олмоор. Гэвч хайж байна гээд л байсан. Магадгүй олчихсон байх гэж хардаж байгаа. Машины дугаараар хайгаад олчихмоор.
-Задланд оруулъя гэхэд ямар хариу өгсөн бэ?
-Өргөдөл бичээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга дээр явж орсон. Эргээд танд хариу хэлнэ гээд гаргасан. Ингээд орой хүртэл хүлээлгэж байгаад шөнийн 01:00 цагийн үед бидэнд “Маргааш өглөө Шүүх эмнэлэг дээр 09:00 цагт явж очоорой. Бичиг баримтыг нь шилжүүлсэн” гэж мэдэгдсэн. Ингээд бид маргааш нь цагтаа шүүх эмнэлэг дээр яваад очтол аль хэдийнэ задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Ар гэрээс нь задлан хийх үед хамт байлгаагүй гэсэн үг. Сонин байгаа биз дээ. Бид энэ талаар эргээд цагдаа нараасаа асуух гэсэн боловч утсаа авдаггүй бөөн л юм болсон.
Ингэж ингэж ямартаа ч ахыгаа орж үзье гэсээр орохоор болсон.
-Та орсон уу?
-Тийм ээ. Би орсон. Өөр бусад өмгөөлөгчид гээд орцгоосон л доо. Биднийг орохоос өмнө яагаад ч юм Хан-Уулын цагдаагаас байн байн залгаад байсан. Ямар ч шаардлагагүй зүйл асууж лавлаад л, мэдүүлэг яриад л намайг оруулахгүй гэж үзсэн бололтой. Дахиад л 30 минут болоод машин нь байгаа, хүлээгээд авчих уу гээд л. Би ах руугаа орох гээд байна гэхээр намайг сатааруулаад байсан. Ийм маягаар гурав дөрвөн удаа ярьсан. Ямартаа ч орсон л доо. Ахыгаа таньсан. Зарим нь биш байна гэх мэтээр ярьж л байсан. Намайг харахад бол шинэ задлан биш байсан. Өмнө нь эрт хийчихжээ гэж бодсон. Бараг урьд орой нь машинаас олонгуутаа авчраад задлан шинжилгээнд оруулчихсан юм биш үү гэж хардсан.
-Задлан шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Уг нь 14 хоногийн дотор гардаг гэж шинжээч эмч нар ярьж байсан. Өдийд гарчихсан байдаг гэсэн. Гэтэл одоо 25 хонож байна. Асуухаар хэсэгчилж гарна, болоогүй гээд байгаа. Буу оллоо, сум оллоо гэж тус тусдаа гардаг гэх юм билээ. Гайхаж л байна.
Сая бид ахынхаа 21 хоногийг хийлээ. Цаг хугацаа хурдан юм. Ер нь хохирсон хүн хохироод л үлддэг юм байна. Ах минь асар их дарамтад явж ирж гэдгийг харж, ойлгож байна. Анхнаасаа гэр бүлээр нь оролдож эхэлсэн. Охиныг нь юу болгов, та бүхэн мэдэж байгаа. Жаахан хүүхэд шүү дээ. Бүх юм зохион байгуулалттай байсан. Дүү маань ганцаараа, түүний эсрэг гурван охин байсан. Тэд бичлэг хийсэн. Дүүг маань буруутгаж гаргасан. Юм чинь хоёр талтай. Ахынхаа охиныг би багаас нь мэднэ. Байнга л хүйтэн ус ундаа уудаг, кофе ч тэр. Тэгэхээр би чи охин хүүхэд байж битгий цэл хүйтэн юм уу гэж хэлдэг байсан. Тэгээд бодохоор хэрэв бусад руу цацсан гэвэл хүйтэн кофе л байж таарна. Халуун байсан бол хүн юм чинь болохгүй гэдгийг мэднэ шүү дээ.
-Сая ахын тань ажил явдал болох үеэр охиныг нь цагдан хорих тогтоол гарсан гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ёс зүйгүй хүүхэд гэж нийгэмд жигшүүлчихлээ. Харамсалтай юм. Цагдаа нарыг гайхаад байна. Залуу хүүхдүүд маргах, нэгэнтэйгээ муудах зүйл бишгүй л байдаг. Гэтэл захиалгаар, албаар очиж өддөг юм уу ямар нэгэн байдлаар давтан хэрэг болгох гэж л бий болгосон асуудал гэж харж байгаа. Бид чинь залуу хойч үеэ хамгаалдаг байтал энэ хүүхдийн амьдралыг дэвсэлье гэж харлуулж байна шүү дээ. Үүнд их харамсаж байна. Тэр яахав дээ, хүүхдүүд нэгнийгээ татаж чангаасан юм болсон. Дараа нь нэгэндээ гомдолгүй ээ гээд хэлтэл цагдаа нь “Тэгвэл та нар худлаа мэдээлэл өгсөн” гээд дарамталсан. Тэгээд аргагүйн эрхэнд гомдол гаргуулж давтан болгох гээд үзээд байгаа асуудал.
-Задлан шинжилгээний хариу гараагүй юм байна. Ар гэрийн та бүхэнд нэг хар байгаа байх. Энэ хэрэг юу болчихов. Яагаад энэ хүн амь хохиров гэж?
-Ах минь амиа хорлоно гэж байхгүй. Иймэрхүү юман дээрээс айдаг хүн биш. Зоригтой хүн учраас сүүлдээ хордсон гэж яриад байгаа. Хордуулчихаад үхэхгүй болохоор нь алчихав уу гэж л бид хардаж байгаа.
-Ах тань цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Эрүү шүүлт тулгасан гэж буцааж гомдол гаргаад байсан гэдэг байх аа?
– Мөрдөн байцаах газрын нэр бүхий мөрдөгчийн эсрэг маш олон гомдол гаргасан. Учир нь тэр хүн ахыг минь гэр бүлээр нь, ажил албаар нь маш эртнээс дарамталж ирсэн байдаг. Гэрт нь шууд дайрч орно, бага насны хүүхдийн нүдэн дээр утсыг нь булааж авна. Хүүхдийн барьж байсан падыг нь хүртэл авна. Ахын ажил дээр хүртэл ийм маягаар дайрч орсон байгаа юм. Өдөр шөнөгүй дарамталсан. Гэр бүлээр нь оролдсон. Охиноор нь ч тэр. Энэ бол айлын эзэн хүнд асар том асуудал. Ерөөсөө л ахыг минь барьж авч хорих гэж л оролдоод байсан гэж би харж байгаа. Үүнийг батлах баримт фактууд байгаа.
-Тодруулж болох уу?
-Энэ бол Ноён уул, Өмнөговь аймгийн уул уурхайн лиценцийн асуудлаас үүдэлтэй. Олон жилийн өмнөөс эхэлсэн асуудал. Ах үүний талаар асар их мэдээлэлтэй, баримттай байсан хүн. Өнгөц харахад хүний нэр хүндэд халдсан гэх асуудал боловч цаана нь уул уурхайн асар том ашиг сонирхол байсан хэрэг. Хэмжээг нь хэлээд яахав, асар их гадаад валюттай холбоотой асуудал ч бий. Нам хоорондын их том мэдээлэлтэй байсан хүн.
-Гэрээслэл олдсон юм уу?
-Гэрээслэл байгаагүй. Гэрээслэл олдоод хүлээлгэж өглөө гэх мэдээлэл гарсан бололтой. Би ахынхаа бичгийг танина. Хэрэв үнэхээр амиа хорлосон бол өмгөөлөгч хүн гэрээслэл заавал бичнэ шүү дээ. Тиймээс гэнэтийн зүйл байсан гэж харж байгаа.
-Өөрийнхөө эрхийг хамгаалахаар маш олон газарт хандаад байсан гэж та ярьсан. Өмгөөлөгч хүний эрх зөрчигдөж, эрхээ сэргээлгэхээр хуулийнханд хандана гэдэг ардчилсан улсад ховор үзэгдэл юм?
-Дээр хэлсэн шүү дээ. Тодорхой нэр бүхий мөрдөгчийг солиулахаар АТГ, ЦЕГ, прокурор гээд олон газарт 10 гаруй хүсэлт гаргасан байдаг. Мөрдөгчөөсөө татгалзах эрхтэй юм билээ. Ах хуулиа сайн мэднэ. Болохгүй болоод, хууль зөрчигдөөд эрх нь ноцтой зөрчигдөөд байсан болоод л хандсан хэрэг.
Ямар нэгэн хэргээр гүтгэж цагдаж хорих гэж их эртнээс энэ хүнийг тагнаж чагнаж явсан. Охиныг нь гүтгээд л, цагдаатай л холбоотой яваад байсан. Төрийн өндөр албан тушаалтай хэрэг хийсэн нь тодорхой хүмүүсийн гэрт дайрч ордоггүй хэрнээ энгийн иргэний гэрт хүч түрэн орж эд зүйлийг нь хурааж авна гэдэг байж болохгүй зүйл. Юунаас айж, ямар захиалгаар ингэж явсан бэ гэхээр ах маань асар их мэдээлэлтэй байсан байна гэж харж байгаа. Цаана нь том захиалагч ч байсан байна. 10-аад гомдол гаргасан ч бүгд татгалзсан. Бүх тогтоолууд нь байгаа. Биеэ хамгаалах ямар ч чадваргүй болжээ гэж харагдахаар. Өөрийгөө хамгаалах гэж асар их зүтгэсэн байна. Бас Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш их оролддог, хянадаг байсан. Хоёр жилийн өмнө Ариукагийн (талийгаачийн охин) асуудлын дараахан нэг цагдаагийн албан тушаалтан миний утсыг хурааж аваад манай гэр бүлийг хүртэл доромжилж байсан.
-Тэгэхээр талийгаач Г.Батбаяр нэлээд том ашиг сонирхлыг хааж, хөндөж байжээ гэж ойлгогдож байна?
Ах маань маш том эрх мэдлийн өмнө их хүчгүйдсэн байх. Ийм олон хүний эсрэг ганцаараа тэмцэж байсан.
-Өмгөөлөгч байхдаа ажилласан хэргүүд нь ч их сонин шүү. Нийгмийн эсрэг дүрүүдийг голчлон өмгөөлдөг байсан?
-Ах минь зоригтой, айдаггүй л хүн байсан даа, энэ гэрийн багана нь байлаа. Найман настай охиндоо амь. Ээжийн эргэж ирсэн сүнс гээд л эрхлүүлнэ. Өндөр настай аав нь байна. Тийм хүн хэзээ ч энэ хорвоогоос сайн дураараа явахгүй. Бүх хүмүүс мэдэж байгаа, хэлж байгаа. Тиймээс энэ хэргийг эцсийг нь хүртэл явна даа.
Б.ЭНХЗАЯА