"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэрийг ашиглаж, залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилсан есөн гомдол мэдээллийг шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар МБА-ны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ч.Дөлгөөн "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулна гэж залилах гэмт хэрэг ес бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Таван хэрэгт 8-10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа" гэв.
Дээрх этгээдүүд ААН-ийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албан маягт гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж, их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогджээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсийг Хөрөнгийн биржээр нээлттэй зардаг. Гэтэл хуурамч мэйл хаягаас тэдэн тонн нүүрсний гэрээ байгуулах эрх олгоё гэх мэдээллүүд их гарч байна. Ингэхдээ албан маягтыг жинхэнэ юм шигээр хавсаргасан байгааг тус компаниас сэрэмжлүүллээ.