Монгол орны модлог ургамлын үрийн нөөцийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах зорилготой “Ногоон хөгжил төслийн нэгж”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нэгж нь “Эрдэнэт” ойн генетик нөөцийн төв, Хөрс боловсруулалтын төв, Мод үржүүлгийн төвөөс бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэмжин ажиллахад энэ нэгжийн үүрэг их. Учир нь Монгол Улс анх удаа модлог ургамлынхаа үрийг нөөцөлж, “үйлдвэрлэж”, үржүүлэхийн сацуу нэн ховор мод, модлог ургамлын генийг хадгалж хамгаалахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, суурь судалгаатай, инновацад түшиглэн ажиллах гол бааз болж байгаагаараа онцлог юм.
Уг нэгжийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1000 тоннын үр хадгалах “Эрдэнэт” ойн генетик нөөцийн төвийг 2022 онд байгуулж энэ оны зургаадугаар сард Хөрс боловсруулалтын төв, Мод үржүүлгийн төвийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар бэлдэж байна.
ТЭРБУМ МОД ТАРИХЫН ТУЛД ҮРИЙН НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛСЭН
“Ногоон хөгжил төслийн нэгж”-ийн дарга Б.Сэр-Оддамба, “Монгол орны нэн ховор ургамал болон модлог ургамын генетик нөөцийг хамгаалах гол төв бол манай байгууллага. Ирээдүйд Монгол улсад модлог ургамал устаж үгүй болох эрсдэлээс сэргийлэх нь бидний үүрэг” гэв.
Мөн модлог ургамлын үрийг урт болон богино хугацаанд хадгална. Урт гэдэг нь 10-20 жил хадгалахыг хэлнэ. Сүүлийн жилүүдэд Монгол улсад модлог ургамлынүрийн болц 5-7 жил болж байна. Өмнө нь 3-4 жилийн хугацаанд үрийн болц гүйцдэг байсан бол энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж хугацаа сунаж байгаа нь модны ургалт, ойн нөхөн сэргээлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд шинэ үрийг их үрийн жил дээр цуглуулж түүнийгээ стандартын дагуу хадгалан, улмаар ижил төстэй бүс нутгуудад тарина.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эхний ажил бол үрийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн. Иймд 1000 тоннын багтаамжтай зооринд модлог ургамлын үрийг хадгалж, нэн ховор болон устаж үгүй болох эрсдэлтэй модлог ургамлын генийг хамгаалах нь чухал гэж байлаа.
-Танай төв энэ жил хэдэн зүйлийн үр нөөцлөв?
-Өнгөрсөн онд 12 зүйлийн модлог ургамлын үрийг өөрсдөө түүх болон худалдаж авсан бол энэ онд 50 зүйлийн модлог ургамлын үрийг цуглуулж чадсан. Манай улсад нийт хэдэн зүйлийн модлог ургамал байгааг нарийвчилж тогтоогоогүй байдаг. Намайг оюутан байх үед 142 зүйл байдаг гэж хэлж байсан ч бидний судалгаа, таамгаар одоогоор 180 гаруй байна. Ингэж нарийн тоо гаргаж бататгаж чадахгүй байгаа нь Монгол улс модлог ургамлын судлаач байхгүйтэй холбоотой юм. Жишээ нь бургас л гэхэд дотроо 60 зүйл байдаг. Үүнийг ямар ямар төрөл болохыг судлаачид хараад мэддэг гэсэн үг. Гэхдээ бидэнд одоогоор ийм мэргэжилтэн байхгүй ч өөрсдийн судалгаа, шинжилгээндээ үндэслэн модлог ургамлын зүйл бүрийг цуглуулж түүнийгээ “бар код”-той болгоод гарал, үүслийг нь баримтжуулан хадгалахаар зорьж байна.
-Цуглуулсан үрээ “Үрийн лаборатори”-доо шинжлэх үү?
-Тэгнэ. Үрээ шинжилж эрдэм шинжилгээ болон судалгаандаа ашиглана. Бидний гол давуу тал бол өөрсдөө үрээ цуглуулаад түүнийгээ лабораторидоо судлаад цаашид биогенетикийн хэмжээнд хүртэл шинжлэх зорилттой байгаа. Одоогоор лабораторийн тоног төхөөрөмжөө аваагүй байна. Худалдан авах тендер нь л зарлагдсан байгаа.
Цуглуулж хадгалж байгаа үрдээ чанарын тест хийж заримыг нь худалдаанд гаргаж заримыг нь Мод үржүүлгийн талбайдаа тарина гээд үе шаттай хэрэгжүүлэх олон ажил бий. Энэ бүх явцад судалгаа, инновац хариуцсан ажилтан маань давхар судалгаагаа хийнэ гэсэн үг. Ер нь бид шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргаж сурахын тулд эрдэм шинжилгээ, судалгаанд ач холбогдол өгөх хэрэгтэй юм.
-Цуглуулсан үр дотор чинь Монгол улсад нэн ховор болон устах эрсдэлтэй модлог ургамал хэр олон байгаа вэ?
-Олон байгаа. Жишээ нь, говийн заг, башир, хөмүүл, тоорой, сухай, хус, хуш, буйлсын үр байна. Манай байгууллага анх байгуулагдах үедээ туршилтаар хайлаасны үр их хэмжээгээр цуглуулж хадгалсан. Үүнийг худалдаанд гаргах болон үржүүлгийн талбайд тарьж туршсан. Үүний үлдэгдэл ч өнөөдөр хадгалаастай байна. Энэ жил нэмж гоёл чимэглэлийн модны үр болон бургасны мөчрийг хадгалж байна. Бургасыг мөчрөөр тарьдаг
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 100 САЯ МОД ТАРИНА
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын хэмжээнд 100 сая, Эрдэнэт хот 10 сая мод тарих үүрэг хүлээсэн. Иймд “Эрдэнэт үйлдвэр” эхлээд модлог ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Ногоон хөгжил төслийн нэгж”-ийг байгуулжээ.
Үүний дараа 100 сая мод тарих төлөвлөгөөгөө дөрвөн бүсэд хувааж 13 аймагт мод тарихаар бэлтгэл ажлаа базаажээ.
Үүнд, хангайн, говийн бүс болон суурьшлын бүс, хамгаалалтын зурвас гэсэн дөрвөн хэсэгт 100 сая мод тарина. Хангайн бүсэд 30 сая буюу нийт 5 аймагт, говийн бүсэд 30 сая буюу 7 аймагт, суурьшлын бүс буюу Эрдэнэт, Хангал гол орчимд 20 сая, хамгаалалтын зурвас байгуулах зорилгоор төмөр зам, Дархан-Эрдэнэтийн төмөр зам дагуу 20 сая мод тарина.
Нийт 13 аймгийг хамарч мод тарих тул эдгээр аймгаас хаана, ямар төрлийн мод тарих урьдчилсан төлөвлөгөөгөө аваад эхэлжээ. Ингэхдээ доройтсон болон түймэрт өртсөн, хортон шавьжид идэгдсэн ой тус бүрд өөр, өөр аргачлалаар мод тарих тул тухайн аймгийн онцлогийг сайтар судалж байгаа гэлээ. Мөн Хангай хээрийн бүс, Говийн бүсийн нэг га газарт тарих модны тоо хэмжээ ялгаатай учир үрийн нөөцөө бүрдүүлэхээс эхлээд олон ажлыг төлөвлөх хэрэгтэй гэж Б.Сэр-Оддамба онцолж байлаа.
Одоогийн байдлаар Орхон, Архангай, Өмнөговь аймаг хаана, ямар байршилд хэдэн сая мод тарихаа “Эрдэнэт үйлдвэр”-т мэдэгджээ. Тухайн аймагт мод тарихдаа нөхөрлөл, хоршоолол, аж ахуйн нэгжтэй гэрээлж ажиллах бөгөөд арчилгаа, тордолгоог нь хамтран хариуцаж 3 жилийн дараа улсад хүлээлгэж өгөх гэнэ.
ЖИЛД 10 САЯ ШИНЭС МОД ҮРЖҮҮЛНЭ
Монголд зонхилж ургадаг мод бол шинэс юм. Шинэсийг их хэмжээгээр тарихад доройтсон ой хурдан сэргэж нөхөн төлждөг. Иймд Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжил төсөл нэгж”-ийн хүрээндБулган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Шар тал хэмээх газартШведийн технологиор 134 га талбайдмод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна.Үүнд жилд 10 сая шинэс мод үржүүлнэ. Мод үржүүлгийн газрыг дагуулж алим, жимсний плантац, цэцэрлэгжүүлэлтийн цэцэгс тарина.
Энэ талаар “Ойн генетик нөөцийн төв”-ийн ойжуулагч Р.Энхболд хэлэхдээ, “Алсдаа бид монос, гүйлс, давжаа алим,үрэл зэрэг төрөл бүрийн жимс тарьж борлуулна. Зөгийн аж ахуйтай болно. Зөгий өвөлжих байртай, төрөл бүрийн жимс жимсгэнэ тарих учир аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж болно. Мөн амрах буудал, усан санбарина. Усан сан нь хоёр төрлийн загастай байна. Гоёл чимэглэлийн загас, ангийн загас гэсэн. Гоёл чимэглэлийн загасаа худалддаг, ангийн загасаа үйлдвэрийн ажилчдад нийлүүлэх гээд төлөвлөсөн олон ажил бий” гэлээ.
ЖИЛД 60 ТОНН ХӨРС ҮЙЛДВЭРЛЭНЭ
“Эрдэнэт” ойн генетик нөөцийн бас нэгэн том бүтээн байгуулалт бол “Хөрс боловсруулах төв” юм. Уг төвийн барилгын ажил бүрэн дууссан, энэ оны зургаадугаар сард ашиглалтад орно. Хөрсөө чийгийн улаан хорхойгоор боловсруулж үйлдвэрлэнэ. Мөн хөрсөө шинжлэх химийн лаборатори ажиллах юм. Энэ талаар Б.Сэр-Оддамба дарга хэлэхдээ, “Юуны өмнө хөрсөө шинжлэх лабораторитой болж байгаа нь нэн чухал. Ийм лаборатори Улаанбаатар, Дархан-Уул аймагт байдаг. Тэгвэл баруун бүсийн аймгууд манайхаас хөрсөө авах, хөрсөө шинжлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө авах бүрэн боломжтой болж байгаа юм” гэлээ.
-Хөрс боловсруулах болон бордоо бас бэлтгэнэ гэж байсан. Ямар төрлийн бордоо бэлтгэх вэ?
-Хөрсөө боловсруулахдаа чийгийн улаан хорхойг ашиглаж байна. Хорин тоннын саванд шороо, чийгийн улаан хорхой хийж хорхойгоо дуртай хооллоор нь хооллож 3 тонн био ялзмаг гарган авч байна. Өөрөөр хэлбэл, 3 сарын хугацаанд 3 тонн л био ялзмаг гарган авч байна. Цаашид 20 тоннын багтаамжтай 100 ширхэг сав байрлуулж их хэмжээний ялзмаг гаргаж авахаар төлөвлөж байна. Ингэвэл жилд 60 тонн био ялзмаг үйлдвэрлэх боломжтой юм.
Үүнээс гадна, Хөрсний төвийн дэргэдэх микробиологийн лабораторидоо ашигт микроз үржүүлнэ. Энэ нь зөвхөн шинэс модыг ургахад нөлөөлдөг ашигт микроз гэсэн үг юм. Мод бүр өөрийн онцлогтой. Түүнийг хурдан ургахад нөлөөлдөг зүйл бол ашигт микроз юм. Иймд микробиологийн лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ.
Био бордооны хувьд хүмүүс бүх модонд бордоо хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Энэ бол ташаа ойлголт. БНСУ-аас хэрэгжүүлсэн “Ногоон хэрэм” төсөл дээр намайг ажиллаж байх үед Баянзагдад мод тарихдаа нэг ч био бордоо, ялзмаг ашиглаагүй. Бордоог цэцэглэдэг мод болон жимсний модонд түлхүү хийдэг. Түүнээс биш байнга хэрэглэдэггүй гэсэн үг.
Үүнээс гадна бургасны мөчрийг жижиглэж үртэс болгоод бордоо бэлдэж байна. Үүнийг вүүдчийпэр гэдэг. Мөн малын бууцыг хөрсөнд дарж өөрөөр нь шатаагаад хар шороо бэлдэж байна. Манайхан бууцыг шууд бордоо болгоод мод тарихдаа хийчихдэг. Гэтэл тэр бууцанд шарилжны үр болон ашиггүй микроз байвал тухайн модыг ургахад сөргөөр нөлөөлж эхэлдэг. Иймд бууцыг зөв боловсруулж ашиглах хэрэгтэй юм.
МАЛЧИД ХАВАРЖААНДАА МОД ТАРЬЖ ЭХЭЛЛЭЭ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар хөгжихийн зэрэгцээ ойн мэргэжилтнүүдийн үгийг шийдвэр гаргагчид сонсож эхэлсэн. Иргэд, аж ахуйн нэгж ч мод тарьж түүнийгээ арчилж тордож байна. Албан байгууллагууд түүхт ойн үйл ажиллагааны үеэр цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ойн нөхөн сэргээлт хийх тухай ярьж байна. Энэ бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол үр дүн. Малчид хаваржаандаа жимсний мод тарьж эхэллээ. Энэ бол дэвшил” гэж Б.Сэр-Оддамба хэллээ.
Тэрбээр мөн Монгол Улс шинжлэх ухааны салбартаа хүч, хөрөнгийг хангалттай зарцуулдаггүйгээс олон боломжийг алддаг тухай ярьж байв. Улсын төсвийнхөө 0.5 хувийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулбал монголын эрдэмтэд инновац нэвтрүүлсэн олон бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой гэсэн юм. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 0.3 хувь ч хүрэхгүй байгааг онцолж байв.
Монгол Улсад анх удаа байгуулсан 1000 тоннын багтаамжтай үрийн нөөцийн “Эрдэнэт” ойн генетик нөөцийн төв, Хөрсний төв, үрийн болон био генетикийн лаборатори, 134 га талбайд 100 сая мод үржүүлэх “Мод үржүүлгийн цогцолбор”-ын ирээдүйд бүтээх үнэ цэн, ашиг, бүтээн байгуулалт, өөрчлөлтөөс цухас дурдлаа.
Ойн салбарыг аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбартай уяж нийгэм, эдийн засгийн үр ашиг талаас нь хөгжүүлж эхэлсэн “Ногоон хөгжил төслийн нэгж”-ийн хамт олонд талархаж байна. Тэнд 18 хүн ажилладаг ч 100 сая мод тарихаар бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан байна.