Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журам зөрчигдөж, хүний амь, эрүүл мэнд хохирох тохиолдол нэлээд гарсан. Танай Прокурорын газраас тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтэд судалгаа хийсэн гэж сонслоо.
-Хан-Уул дүүргийн хувьд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болон өргөжиж байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.
Нэг талаасаа бүтээн байгуулалтын ажил их хийж байгаа нь сайн боловч түүнийг дагаад барилгын компаниуд үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс үүдэн болгоомжгүйгээр хүний амь, эрүүл мэндийг хохироох гэмт хэрэг нэмэгдэх боллоо. Манай хийсэн судалгаагаар ийм үзүүлэлт гарч байгаа юм. Тухайлбал, 2022 онд энэ төрлийн 14 гэмт хэрэгт прокурор хяналт тавьсан бол 2023 онд 91 болж өссөн нь даруй 6.5 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт.
-Аль байршилд илүү их гарч байна вэ?
-2023 онд хяналт тавьсан 91 хэргийг судалж үзэхэд тус дүүргийн IV хороонд 20, XX хороонд 12, XV хороонд 10, III хороонд долоо, XXI хороонд зургаан хэрэг гарсан нь өндөр үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл, Нисэх, Яармаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Мишээл экспо” орчим, мөн Туул голын хойд эрэг дагуу шинэ суурьшлын бүс бий болж барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол өндөр байна гэж дүгнэсэн.
-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдаж, хүний амь, эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулсан хэрэг гарахад хэний буруутай үйлдэл нөлөөлж байгаа бол?
-Ажилтан, ажил олгогч аль алинаас нь шалтгаалсан байдаг. Тухайлбал, ажилчид хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа дагаж мөрддөггүй, хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу хэрэглэдэггүй, ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нь осолд өртөх, амь, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болдог.
Харин ажил олгогчийн хувьд ажилчдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, сургалтад хамруулдаггүй, мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг, Монгол Улсын барилгын норм ба дүрэм хэмээх барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны эрх зүйн баримт бичгийг мөрддөггүй байх жишээтэй.
Мөн аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа төсөвлөж зарцуулдаггүй, зааварчилгааг хэлбэрийн төдий өгч, гарын үсэг зуруулдаг, биелэлтэд тавих хяналт сул буй нь осол гарах шалтгаан болсон байна.
-2023 онд 91 хэрэгт хяналт тавьсан гэлээ. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэв?
-Эдгээрээс 14 хэргийг хааж, нэгийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин 13 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өдгөө 63 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүхэд шилжүүлсэн хэргээс тавыг нь эцэслэн шийдвэрлэжээ.
-Хүний амь, эрүүл мэнд хохирчхоод байхад хэрэгсэхгүй болголоо гэж амь, эрүүл мэндээрээ хохирсон ажилчдын ар гэрийнхэн гомдол гаргах тохиолдол байдаг шүү дээ. Яг ямар үндэслэлээр 14 хэргийг хаасан юм бэ?
-Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 14 хэргийн 12-ыг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, хоёрыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлүүдийг заасан бөгөөд хэрэв Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй бол мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн хаадаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн 12 хэргийн хувьд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаас үүдэлтэйгээр хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хүний эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, эсвэл ажилтан өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг биелүүлээгүйн улмаас амь, эрүүл мэндэд нь хохирол учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаадаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг гарахад зөвхөн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байдаггүй. Ажилтны зүгээс ч мөн буруутай үйлдэл тогтоогдвол хэргийг цааш үргэлжлүүлэн шалгадаггүй гэдгийг ойлгох нь зүйтэй.
-Тэгвэл шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд ямар ял шийтгэл ногдуулсан юм бол?
-Болгоомжгүйгээр хүний амь хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хоёр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гурван хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хүний амь хохирсон хоёр хэргийн хувьд иргэн Э, Б нар баригдаж буй барилгын зургаадугаар давхраас өргөх төхөөрөмжөөс унаж, нэг нь гавал тархи, цээж, нуруу мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барж, нөгөөгийнх нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт ажил олгогч буюу компанийн захирал Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Өргүүрийн эзэмшигч, ашиглагч нь барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, мэргэжлийн операторчин ажиллуулаагүй зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг гарсан болохыг шүүх тогтоосон. Тиймээс Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-1, 11.5-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7 сая төгрөгөөр торгосон. Эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гурван гэмт хэргийн шүүгдэгч нарт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700-4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7-4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
-Шүүх хорих ял оноохгүйгээр тэнсэх, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах, торгох ял шийтгэсэн байна. Ер нь буруутай хүмүүст Эрүүгийн хуульд зааснаар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэдгээрээ бусад хэргээс онцлог. Өөрөөр хэлбэл, хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь хохирох, эсхүл эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хүнд хохирол учирдаг. Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргүүдийг, 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг тусгасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амийг хохироосон бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорино гэж заасан юм. Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байдаг.
-Энэ төрлийн хэрэгт тухайн барилгын компанийн захирлууд хариуцлага хүлээдэггүй, доогуурх албан тушаалтнууд нь ял шийтгүүлсэн болоод өнгөрлөө гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь тухайн барилгын компанийнхан, ялангуяа мөнгө олж байгаа эзэнд сануулга болдоггүйгээс давтан осол, хэрэг гарах үндэслэл болоод байгаа юм биш биз дээ.
-Энэ ойлголт нь хэт өрөөсгөл юм. Учир нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа нийт хэргийн 80 орчим хувьд нь захиалагч болон туслан гүйцэтгэгч компанийн эзэн буюу ажил олгогч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүхээр шийдвэрлэсэн таван хэрэгт дөрвөн компанийн захирлыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оноосон байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эзэн шууд хариуцахаар, хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч нар өөрийн ажлын байранд тохирсон дүрэм, журам боловсруулахад оролцох, үр дүнг тооцох, хяналт тавих, манлайлан ажиллах, аюулыг илрүүлэх, арилгах талаар мэдээлэх, ХАБЭА-н ажилтантай хамтран ажиллахаар, ХАБЭА хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйчаар мэргэшсэн хүнийг ажиллуулахаар, тухайн асуудал хариуцсан орон тооны ажилтан, зөвлөл заавал ажиллуулж байхаар хуульчилсан нь энэ төрлийн гэмт хэрэгт хэн, хуулиар хүлээсэн ямар үүргээ гүйцэтгээгүйгээс гарч байгааг тогтоох бүрэн боломжтой.
-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад танай дүүргийн Прокурорын газраас цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүрд авдаггүй, цаашлаад ажиллагсдыг амь, эрүүл мэндэд ноцтой, аюултай ажлын байранд ажиллуулдаг, тусгай хэрэгслээр хангадаггүй, түүнийг хэрэгжүүлж хэвшүүлээгүй зэргээс үйлдвэрийн осол гарах шалтгаан нөхцөл болж байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын мэдэгдэл бичих ажлыг нэмэгдүүлэх, мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээг газар дээр нь шалгах, энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана.
Эцэст нь хэлэхэд, ажил олгогч, ХАБЭА хариуцсан инженер, ажилтан нар нь ажлын байранд нэг секунд л анхаарал алдахад хүний амь, эрүүл мэнд эрсдэх аюул заналхийлж байдаг онцгой ажлын байр гэдгийг энэ салбарт ажиллаж буй хүмүүс маш сайн ойлгож, ухамсарлаасай гэж хүсэж байна.