Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.Онцгой байдлын ерөнхий газраас зудтай нутгуудаар хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тухай мэдээлж байна.
Өвлийн турш цас ихээр орж хүйтрэн, цасан шуурган дунд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байгаа аж. Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуургатай байх төлөвтэй тул мал төллөх, бэлчээрлэх, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгой анхаарч, хаврын улиралд цаг агаар түргэн өөрчлөгддөг учраас дунд болон богино хугацааны мэдээг өдөр тутамдаа анхааран ашиглаж байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Гуравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна. Нутгийн зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, харин баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөв ажиглагджээ.